АН: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохгүй бол Цэцэд хандана
2018 оны 5 сарын 15

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг Засгийн газрын, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хамтарч хэлэлцэх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, сүүлийн хуралдаанаар ажлын хэсэг дэх МАН-ын бүлгийн гишүүд бүлгийнхээ шахалтаар улс төрийн шийдвэр гаргасан.

Ажлын хэсэгт орсон манай намын хоёр гишүүнийг оролцуулалгүйгээр хуралдаж, хүүхдийн мөнгийг Засгийн газрын оруулсан хувилбарыг дэмжих шийдвэр гаргасан. Ажлын хэсгийн хуралдаанд суугаагүй гишүүдийг гарын үсэг зурахыг шаардсан. Ажлын хэсэгт байгаа АН-ын хоёр гишүүн гарын үсэг зурах ч үгүй. Чуулганы хуралдаанд ихэнх гишүүн хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох эдийн засгийн боломж байна гэж ярьж байсан хэрнээ бүлгийн шахалтаар улс төрийн шийдвэр гаргалаа.

Хэрвээ УИХ-ын чуулганд хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох санал оруулж ирвэл АН-ын бүлэг завсарлага авна. Хэрвээ энэ хууль батлагдвал Ерөнхийлөгчид хориг тавих хүсэлт илэрхийлнэ. Энэ хуулийг хүч түрэн шийдвэл хүүхдийг ялгаварласан асуудлаар Үндсэн хуулийн Цэцэл хандана” гэсэн юм.

 

Х.ИНДРА

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.