Г.Орхон: Цаашид томоохон мега төслийг хөдөлгөх хүмүүс маш их дарамтад орж болзошгүй
2018 оны 5 сарын 16

Авлигатай тэмцэх газраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг, Дубайн гэрээтэй холбогдуулан Б.Бямбасайхан нарыг өнгөрсөн сараас эхлэн шалгаж эхэлсэн билээ. Тус шалгалтын хүрээнд С.Баярцогт болон Б.Бямбасайхан нарыг өнгөрсөн сарын эхээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. Өчигдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт болон Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал боллоо. Шүүх хуралд С.Баярцогт болон Б.Бямбасайхан нар онлайнаар оролцож, тайлбар тавьсан боловч үргэлжлүүлэн 30 хоног хорих шүүхийн шийдвэр гарлаа. Өмнө нь Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг мөн 30 хоног хорих шүүхийн шийдвэр гарсан билээ. Шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүхийн шийдвэрийн талаар өмгөөлөгчдөөс нь тодрууллаа.

С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон: Цаашид томоохон мега төслийг хөдөлгөх хүмүүс маш их дарамтад орж болзошгүй

“Энэ шүүх хурлаас харахад цаашид томоохон мега төслийг хөдөлгөх хүмүүс маш их дарамтад орж болзошгүй байна. Яагаад гэхээр УИХ болон Засгийн газрын гишүүдээсээ асуухаас илүүтэй АТГ, прокурор, шинжээчдээс асууж байж гэрээ хэлэлцээгээ хийх ёстой болж таарч байна. Шүүх хуралд Оюутолгойн гэрээ хуульд нийцсэн эсэх, өөрчилж болох эсэхийг шинжээчдээс асууж байгаа нь өөрөө учир дутагдалтай. Энэ асуудалд шүүгч, прокурор, хуульчид хуульзүйн үндэслэлээ хийгээд явах ёстой. Үүнээс дүгнэж хэлэхэд, Оюутолгойн гэрээг тухайн үед УИХ болон Засгийн газрын гишүүдээс асууж байж, хийсэн. Гэтэл тэд өнөөдөр дуугардаггүй юм байна. Иймээс мега төслийн гэрээ хэлэлцээ хийхдээ АТГ, прокурор, шинжээчдээс асуух ёстой юм байна” гэсэн юм.

Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт: Б.Бямбасайханы бие маш тааруу байна

 

Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна. Үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гарлаа.  Хэрэг ээдрээтэй байгаа гэдгээ нотолж чадахгүй байна. Прокурорын нотлогдоогүй үндэслэлээр хүнийг цагдан хорьдог болох тал руугаа явж байна. Энэ нь үндсэн хуулийг зөрчиж байна. Б.Бямбасайханы бие маш тааруу байна. Эмчид үзүүлж цаашид нарийн шинжилгээ өгч, эмчлүүлэх хүсэлт тавьсан. Одоогийн хийж буй эмчилгээ үр дүн муутай гэж үзэж байна. Эмчилгээний үр дүн муу байгаа учраас цаашид эмчлүүлэх хүсэлтийг нь хүлээж авна гэж найдаж байна.  Б.Бямбасайхан хоригдсноосоо хойш хоёр удаа байцаалт өгсөн. Мөрдөн байцаах ажилд бид идэвхтэй оролцож байгаа. Энэ хэрэгт ээдрээтэй төвөгтэй байдал байхгүй. Дубайн гэрээ 2015 онд байгуулагдсан. Гэрээтэй холбоотой бүх мэдээлэл, материал улсын архивт хадгалагдаж байна. Цагдан хорих хугацааг сунгах үндэслэл байхгүй гэдэг нь бүх талаараа нотлогдож байна гэтэл шүүх үүнийг харгалзаж үзсэнгүй” хэмээн хэллээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.