Э.ЛХАГВА: Эдийн засгийн чуулган Монголын Давос болно гэдэгт итгэлтэй байна
2018 оны 5 сарын 18

Тавдугаар сарын 21-22-нд Монголын Эдийн засгийн чуулган “Хүчээ нэгтгэе!” уриан дор Төрийн ордонд болох гэж байна.  Чуулгантай холбогдуулан Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх  эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Эдийн засгийн форумыг хэрхэн үр дүнтэй болгох вэ” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт:  Ерөнхий сайдын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ, Уул уурхайн ассоциацийн ТУЗ-ийн дарга, “MIBG” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эдийн засагч А.Билгүүн, “Монгол HD ТВ-ийн  албаны дарга, Global Shaper Монголын Эдийн Засгийн Чуулганы хурлын даргалагч, сэтгүүлч Э.Лхагва, Оюутолгой” ХК-ийн Гадаад харилцааны зөвлөх Э.Хонгорзул, “AmCham” буюу Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа нар оролцлоо.

“Монгол HD ТВ-ийн  албаны дарга, Global Shaper Монголын Эдийн Засгийн Чуулганы хурлын даргалагч, сэтгүүлч Э.Лхагва:

-Энэ удаагийн форумаар төр, засаг хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдээ илүүтэй сонсоно гэж байгаа нь олзуурхууштай байна. Энд миний хувьд хамгийн том хүлээлэлт бол мэдээллийг тэгшитгэх. Хэн нэг нь нэг сайдтай уулзахаар хаалганы цаана дандаа юм болохгүй болчихоод байдаг. Харин нэг зааланд сууж байгаад ярилцах боломж, тэр дундаа хувийн хэвшлийнхэн оролцох боломж гэдгийг бол бид нээлттэй хүлээн авч байгаа.

Эдийн засгийн форум гэхээр заавал Төрийн ордонд болдог, гадаа нь орж чадахгүй хүмүүс байгаад байдаг биш бүх хүний оролцоо тэгш байвал энэ удаагийн Эдийн засгийн чуулган Монголын Давос эргэж болж чадна байх гэсэн хүлээлт надад байна.

Уул уурхайн ассоциацийн ТУЗ- ийн дарга, MIBG ХХК-ийн гүйцэтгэх захирал, эдийн засагч А.Билгүүн:

-Энд хөрөнгийн зах зээл дээр жишээ аван хэлэхэд энэ зах зээлийг хөгжүүлэх тал дээр Эдийн засгийн чуулган урд өмнө нь төдийлөн үр дүнтэй байсан гэж бодохгүй байна. Учир нь ямар нэг форум боллоо гээд, төр өөрөө хөрөнгийн зах зээлийг хөгжүүлчихдэг юм биш. Хөгжүүлэх нөхцөл бололцоог нь бий болгохоос биш зах зээл өөрөө хөгжүүлж байгаа юм.

Өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр IPO шил шилээ даран хийгдэн гарч ирж байгаа нь манай эдийн засаг ерөнхий байдал харьцангуй сайжирч ирж байна. Уул уурхайн бүтээгдэхүүн эргэн сэргэж, үүнтэй холбоотойгоор хөрөнгийн зах зээл харьцангуй сэргэж байна.

Мөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдснаар мөнгөний ханшнаас аваад эдийн засаг хамраараа хатган унаж байсан үе мөчлөг зогссон. Төр, засгаас гарч байгаа бодлого, хөрөнгийн зах зээлийг сайжруулах талаарх эрхзүй хуулиуд нэмэр болж байгаа. Тиймээс зөвхөн ганцхан Эдийн засгийн чуулганаас шалтгаалсан гэж бодохгүй байна.

Энэ удаагийн чуулга уулзалт дээр өрсөлдөх чадварын талаар хамгийн гол нь сайн яриасай гэж хүсч байна. Өнөөдөр Монголд хөрөнгө оруулалт татах, экспорт татах гэсэн хоёр зам бүхий валютын урсгалыг нээх шаардлагатай байгаа юм. Үүнийг яаж нээх юм, бид юугаар өрсөлдөж зах зээлд гарах юм гэдэг дээр нэг шийдэл хүрээсэй гэж хүлээж байна.

Жишээ нь, бид экспортын бүтээгдэхүүн гаргая. Гэтэл энэ чинь зардал, нөгөө талдаа чанар хоёроороо өрсөлддөг зүйл. Тэгэхээр бид энэ зардал, чанар хоёроороо ямар бүтээгдэхүүн гаргаад дэлхийн бусад улс орнуудтай өрсөлдөж чадах юм гэж. Хоёрт, хөрөнгө оруулалт дээр бид эдийн засгаа солонгоруулна, төрөлжүүлнэ гэж их ярьдаг.

Гэтэл нөгөө аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө орууллаа гэхэд жишиг өгөөж гэж юм нь байгаа юм уу. Хэрэв ямар ч өгөөжгүй байгаа бол тэр салбарыг бид хичнээн сурталчлаад яах юм. Тэр салбар хөгжихөд хугацаа өгөх хэрэгтэй байна ш дээ.

Өнөөдөр засгийн газар 2 их наядын өрийг төлж барагдууллаа гэж мэдээлж байна. Уг нь тэр чинь эдийн засгаа солонгоруулах гэж авсан хөрөнгө шүү дээ. Энэ мэтээр бодож ярих, шийдэл гарах зүйл олон байна.

 

Ерөнхий сайдын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ:

-Бид энэ оны гуравдугаар сарын 28-нд зохион байгуулсан Эдийн засгийн чуулганаар Төр-хувийн хэвшлийн хамтын анхны хэлэлцүүлэг хийсэн. Үүгээр бид бизнес эрхлэгчидээ сонсож, Эдийн засгийн гурван тулгуурт хөгжлийн бодлогоо зарлах, татварын шинэчлэлийн хуулиа хэлэлцүүлэх гэсэн асуудлыг ярилцсан.

Энэ удаагийн чуулганыг  төр нь хувийн хэвшлээ илүү сонсох байдлаар хийнэ. Үүнд 12 дэд сэдвийн хүрээнд хувийн хэвшлийнхнийг сонсож, тэдний  оролцоог илүүтэй хангаж, илүү өндөр түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна гэв.

Ийнхүү үр дүнтэй, ажил хэрэгч хэлэлцүүлэг  болж өндөрлөлөө.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.