Байр суурь: Эдийн засгийн форумын талаар хэн, юу хэлэв
2018 оны 5 сарын 21

“Монголын эдийн засгийн форум-2018” чуулган Төрийн ордны Их танхимд “Хүчээ Нэгтгэе” уриан дор хоёр үе шаттай явагдаж байна. Эхний хэлэлцүүлгийг гурван тулгуулт бодлого, татварын хуулийн шинэчлэл сэдвийн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Энэ удаад төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Ингээд чуулганд оролцож буй гишүүд, эдийн засагчдын байр суурийг сонслоо.

Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтыг дэмжсэн, тодорхой асуудал шийдэхээр чуулж байна

ЗГХЭГ-ын дарга Занданшатар “Энэ удаагийн эдийн засгийн чуулганаар хөрөнгө оруулалтыг дэмжсэн, тодорхой асуудал шийдэхийн төлөө чуулж байна. Энэ хүрээнд тодорхой гарын үсэг зурна. Өнөөдөр гэхэд “Монголын хөгжлийн алтан гурвалжин” баримт бичигт манай таван яам, нийслэл гарын үсэг зурна. Мөн Монгол Улсыг, хөдөө аж ахуйн салбарыг дэмжсэн. Мэдээлэл технологи, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд гарын үсэг зурна. Зөвхөн ярьж, санал солиолцох бус үр дүнд чиглэсэн уулзалтууд хийхийг зорьж байна. Тавантолгойн төслийг 10 жилийн өмнө ашигласан бол Монгол Улс өнөөдөр огт өөр төвшинд байх байсан. Өдөр ирэх тусам боломжоо алдаад байна. Эдийн засагт алагдсан боломжийн өртөг гэж бий. Алдагдсан боломжийн өртөг нь 10 жилийн хугацаанд алдаатай гэрээнээсээ илүү боллоо. Нөгөө талдаа том төслүүд хөдөлгөхөөр ард түмэнд өгөөж нь хүртэхгүй улс төр, бизнесийн цөөхөн бүлэглэлүүд үр ашгийг нь шимээд авчихдаг засаглалын гажуудлыг засахаар гурван тулгуурт хөгжлийн бодлого боловсруулсан”

Калвин Чэнг: Блокчейн технологийг эдийн засагт нэвтрүүлснээр ил тод байдлыг авчирна

Сингапурын парламентын гишүүн асан, эдийн засагч Калвин Чэнг “Би Хонконгоос хүрэлцэн ирж, Монголын эдийн засгийн чуулганд оролцож байна. Чуулганд оролцож байгаа шалтгаан нь блокчейн технологийг Монголд нэвтрүүлэх боломж, бололцоо байгаа эсэхтэй танилцахаар ирсэн. Уг технологийг эдийн засагт нэвтрүүлснээр ил тод байдлыг авчирна. Яг одоогийн байдлаар уг технологи нь өөрөө хөгжлийн шатандаа явж байгаа. Монголын эдийн засгийн хувьд уг технологийг нэвтрүүлэх амжилттай хөгжүүлэх боломж, бололцоо нь байна гэсэн дүгнэлттэй байна. Мөн блокчейн технологи нэвтрүүлэхээсээ гадна эдийн засаг, санхүүгийн салбарт нь ямар боломжууд байгааг бодит байдал дээр харахаар хүрэлцэн ирсэн. Миний ажиллаж ирсэн туршлагаас үзэхэд Монголд эдийн засгийн ил тод байдал маш чухал санагдаж байна. Хуулийн хүрээнд бүх зүйл нь тодорхой байхаас гадна гадны хөрөнгө оруулагчдад зориулсан татварын эелдэг бодлого хэрэгжүүлэх чухал шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаасаа буцаагаад үр ашиг хүртэнэ гэсэн итгэлтэй болно. Эдийн засгийн салбар руу гаа чиглэсэн төрийн албаны үйл ажиллагаа ойлгомжтой байх ёстой гэж бодож байна”

Д.Жаргалсайхан: Монголын эдийн засагт тушаа болж буй зүйл бол НӨАТ

“Дефакто” нэвтрүүлгийн хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайхан “Цахим оролцоо гэх сэдвийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэж буй нь маш шинэлэг бас давуу тал юм. Уг оролцоог идэвхжүүлснээр төр засгийн бодлого, шийдвэр иргэдэд маш түргэн хүрнэ гэсэн үг. Хууль гаргахаасаа өмнө иргэдийнхээ саналыг авна гэж сая ярьсан. Энэ бол өмнө нь яригдаж байгаагүй зүйл юм. Технологийн болон агуулгын, ажил үүргийн хувьд цоо шинэ сэдэв боллоо. Үүний цаана блокчейн технологийн тухай асуудлыг ярих ёстой юм. Блокчейн бол дараагийн интернэт юм. Энэ интернэт нэвтэрснээр аюулгүйгээр мөнгө шилжүүлэх цахим гарын үсгийг бий болгох юм. Тэгэхээр янз бүрийн лавлагаа болон бусад зүйлийг авах гэж бөөн ажил болох шаардлагагүй болж байна. Цахим гарын үсгээр та байгаа газраасаа хуралд оролцож гарын үсэг зурж болно.  Чиний гэрээг хүлээн зөвшөөрнө. Ийм ажлууд бий болж буйг зарлачихлаа. Гэхдээ манай форумын онцлог нь яриад л өнгөрөх юм. Ярьсан зүйлээ ажил хэрэг болгоход ажиллах ёстой. Монголын эдийн засагт тушаа болж буй зүйл бол НӨАТ. Компанийн орлогоос татвар авах нь хөл рүү нь буудаж буйтай ижил. Ийм учраас манай хувийн хэвшил хөл дээрээ босч чадахгүй байна. Иргэд мянга, мянгаараа Солонгос руу зугатаад байгаа юм. Үүнийг засахгүйгээр Монгол улсын эдийн засаг хөгжихгүй”

Ж.Үнэнбат: Энэ удаагийн эдийн засгийн чуулганаас өмнө нь гарсан бодлогын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хүлээж байгаа

 Монголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Банк санхүүгийн салбар ямар ч асуудалгүй, хэвийн үйл ажиллагаатай байгаа. Бид ОУВС-гийн активын чанарын үнэлгээг амжилттай даван туулсан. Одоо өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх ажлыг энэ ондоо багтаагаад хийх төлөвлөгөө гарган, ажиллаж байна. Бид энэ удаагийн эдийн засгийн чуулганаас өмнө нь гарсан бодлогын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хүлээж байгаа. Үндсэндээ Монгол Улс бодлого, хөтөлбөрүүдийг цаасан дээр гаргасан байдлаар дутагдаагүй. Гол нь эдгээрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Түүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт чухал хэрэгтэй байгаа энэ үед бидний нэрийн хуудас болсон Оюутолгойг төсөл дээр улс төрийн шийдвэр гаргасан хүмүүсээ шалгаад эхэлчихлээ. Мега төслүүд нь явж эхлэхгүй байна. Нөхцөл байдал ийм байхад бид шинэ бодлого, хөтөлбөр яриад байх нь тохиромжгүй. Одоо хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахыг зорьж байгаа бол өмнө нь энэ чиглэлд чухал шийдвэр гаргасан улсуудаа ингээд хориод байх юм уу. Эсвэл асуудлаа томоор нь харах юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй л гэж хэлмээр байна”

О.Одбаяр: Энэ форумын өгөөж нь Монгол Улсын 3 сая иргэнд хэрхэн нөлөөлүүлэх вэ гэдгийг хөндөх ярих учиртай

“Эрдэнэс Монгол” компанийн бизнес хөгжлийн асуудал хариуцсан захирал дэд О.Одбаяр “Эдийн засгийн форум “Хүчээ нэгтэе” уриан дор зохион байгуулагдаж байна. Хүчээ нэгтэе гэхээр хэдэн дарга, захирлууд хүчээ нэгтгэх асуудал биш юм. Энэ форумын өгөөж нь Монгол Улсын 3 сая иргэнд хэрхэн нөлөөлүүлэх вэ гэдгийг хөндөх ярих учиртай. Давосын чуулга уулзалтад дэлхийн бүхий л улсууд очдог. Тэдний очдог гол зорилго нь ерөөсөө эрэлхийлэл. Дэлхийн цаашдын хөгжлийн чиг хандлага юун дээр байна. Юун дээр суурилж, цаашаа явахаар байна гэдгийг тандаж, мэдээлэл авахыг хүсдэг. Өнөөдөр Монголын бизнес эрхлэгчид, улстөрчид энд цуглачихаад, богино болон дунд хугацааны стратеги хөгжил нь ямар байх юм гэдгээ ярилцаж байна. Эндээс гарах үр дүн 3 сая иргэдийн амьдралд ямар нэгэн байдлаар нялзах хэрэгтэй. Манай улс цаашдаа ийм байдлаар хөгжих юм байна. Тиймээс хувь хүний хөгжилдөө ингэж анхааръя гэсэн ерөнхий ойлголтыг өгөх хэрэгтэй. Жишээ нь, том төслүүдээ хөдөлгөхтэй холбогдуулан, ЕБС-иа төгсөж байгаа хүүхдүүд энэ чиглэлд мэргэжлийн боловсон хүчин болоход анхаардаг юм ч уу. Ийм байдлаар бодит төсөөлөл өгөх хэрэгтэй. Бидэнд эх орон, баялаг байна. Яагаад хөгжихгүй байна гэхээр хүний хөгжил дутмаг байна. Тиймээс өнөөдөр энэ чуулганаар уул уурхай ярихаасаа илүүтэй хувь хүний хөгжлийг илүү хөндөн ярих учиртай гэж би харж байна.

 

Б.Лхагважав: Эдийн засгийг жаахан өсгөж, өндийлгөж байгаа хүмүүс чинь энэ хэдэн бизнес эрхлэгчид, малчин тариаланчид

Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав:

Форум бол төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг хийдэг хэлбэрээр найм дахь удаагаа явагддаг. Гэхдээ… Сая хоёр цагийн хугацаанд дарга нарын үгийг сонслоо. Одоо хувийн хэвшлийнхээ үгийг сонсох байх гэж найдаж байна. Эдийн засаг бага зэрэг өсөлттэй гарсан. Эдийн засгийг өсгөж өндийлгөсөн хүмүүс нь бизнес эрхлэгчид, малчид, тариаланчид юм. Түүнээс дарга нар биш юм. Дарга нарын хэт хавтгайрсан цэцэрхэл, яруу найраг шиг ярианаас залхаж байна. Мөн эдийн засгийн тоон үзүүлэлт өндийж байгаа боловч баялаг бүтээгчид, аж, ахуй иргэндээ наалдсан юм багатай байна. Цалингаа 200 тэрбум төгрөгөөр нэмж чадахгүй байж 20 их наядын тухай ярина гэдэг нь өрөөсгөл, хийсвэр юм. Ер нь бодит амьдралтай л ярих хэрэгтэй. Хоёр жилийн хугацаанд 20 их наяд төгрөг арай хол сонсогдож байна. 2012 онд эдийн засаг эд өсч байх үед дарга нар гарч ирж хөрөнгө оруулалтыг хаасан, боосон хуулийг ярьж байсан. Түүнээсээ болж унаж байсан. Гэтэл тэр хүмүүс өнөөдөр илтгэл тавиад л явж байна. Тиймээс бодит байдлыг ярилцана гэж найдаж байна. Эхний хэсэгт сайхан яруу найргийг сонссон.

Бид гарч ирээд зургаахан сарын дотор эдийн засгийг сайжрууллаа гэж ярьж болохгүй-

-Өнөөдөр баялаг бүтээгчид, аж, ахуй нэгжүүдийн бодит байдал ямар байгаа вэ?

-Манай бизнесийн орчин сайн ахиагүй байна. Бүтээмж ч өсөөгүй байна. Далд эдийн засгаас авч чаддаггүй байсан татвараа НӨАТ-ын хэлбэрээр авч эхэлсэн. Нэг ёсондоо бүртгэл сайн явагдсан. Одоо бүртгэл дээр татварын багц хуулиуд орж ирнэ. Цаашлаад манай улсын төрийн механизм бүртгэлийн системд бүртгэх асуудлуудаа шийднэ. Эдийн засгийн 6.1 хувийн өсөлт бол Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн  Мөн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын ажлын үр дүнг бид хурааж байна. У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар ажил аваад зургаан сар л болж байна. Тиймээс унаад босч буй нь сүүлийн дөрвөн жилийн хамтын ажиллагаа юм. Урьдынхаа алдаа, оноог ярьж юманд наанатай, цаанатай хандах хэрэгтэй. Бид нар гарч ирээд зургаахан сарын дотор эдийн засгийг сайжрууллаа гэж ярьж болохгүй. Шийдвэр гаргасан хүмүүс өнөөдөр шоронд сууж байна. Өнөөдөр төрд хийсэн ганцхан хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн хүмүүс бүгд шоронд сууж байна. Сайжруулсан хүмүүс мөн шоронд сууж байна. Өнөөдөр дахиад өөрчилнө гэх хүмүүс ч шоронд суух магадлалтай байна. Тиймээс энэ асуудлаа форумын үеэр ярина байх гэж бодож байна. Засгийн газар нэг мөсөн арбитрын шүүх дээр очих талаараа ярьсан дээр. Оюутолгойн гэрээ Арбитрын шүүхээр хэлэлцээд бүх асуудлаа шийдчихсэн нь амар. Түүнээс биш төрийн талаас оролцсон хүмүүс нь шоронд явдаг жишиг тогтвол улс төрийн маш том хэлмэгдүүлэлт бий болно гэж ойлгож байна.

 Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.