Д.Нямсамбуу: Баян байхаас илүүтэй зөв амьдрах нь чухал
2018 оны 5 сарын 23

Эдийн засгийн форумын хүрээнд “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл” сэдэвт салбар хуралдаан зохион байгуулагдсан. Энэ хуралд илтгэл тавьсан  Буддын гүн ухаан судлаач, гавж Д.Нямсамбуу “Ёс зүй ба үнэт зүйл” сэдвээр юу гэж ярьсаныг хүргэе. 

1. Миний ашиг сонирхлыг давсан бусдыг хүндлэх ёс суртахуунтай байна гэдэг нь Бурханы шашнаар бол зөв сайнд итгэх итгэл юм.

2. Хэн нэгнийг сайн гэж итгэхдээ, хэн нэгнийг сайн үйл хийсэн болохоор зөв сайн байгаа бус өөрөө, өөртөө би зөв байх юмсан гэсэн итгэл юм.  Энгийнээр ёс суртахуун нь зөв сайн байхад итгэх итгэлээс эхэлдэг. Жишээлбэл, нэг арван жилийн багш хүн “Би насаараа зөв явлаа, хэрэгтэй нь юу байна. Ядуу амьдарч байна. гэтэл насаараа хулгай хийж, бусдыг луйвардсан залуу жийп унаад явж байна” гэж хэлж байгаа юм.  Энэ багш зөвд итгээгүй байгаа юм. Зөвд итгэнэ гэдэг нь санамсаргүй байдлаар ч юм уу эсвэл айгаад зөв гэж итгэхийг хэлдэггүй. Зөвийг, зөв байхыг эрхэм, гоё гэж хараад түүнийг үнэлэхийг хэлж байгаа юм.   Өөрөөр хэлбэл, зөв амьдарсан амьдрал нь өөрт кайф, урам зориг өгдөг.

3. Баян, дарга болох хүслээс илүүтэй зөв амьдарна гэсэн ухааны эрхэмлэл байх ёстой юм. Баян байхаас илүүтэй зөв амьдрах нь илүү эрхэм, бахархам. Мэдээж жийптэй байх гоё уу ГОЁ. Гэхдээ ЗӨВ байх илүү ГОЁ.

4. Монголчуудын 60-аас илүү хувь нь Бурханы шашинтай атлаа яагаад дийлэнх хувь нь ёс суртахуунгүй байна вэ. Тэгвэл Бурханы шашинд итгээд байгаа маань яг юунд итгэхийг хэлээд байгаа юм бол.  Юунд итгэж  байгаагаа Бурханы шашинд итгэж байна гэж бодоод байгаа юм. Жишээлбэл, Цагаан сараар надад маш олон асуулт ирдэг. Түүний нэг нь “Тавгийн идээгээ өрөхдөө хамгийн дээд талыг нь бяслагаар өрчихсөн юм. Бяслагаар өрсөн хэсгээ тоолох уу, тоолохгүй юу” гэх асуулт. Түүнийг тоолох, эс тоолох эсэхээс хамаараад бидний ирээдүйн жаргал зовлон шийдэгдэнэ гэдэгт итгэж, байна гэдэг бол дэндүү том хийрхэл юм.

5. Хүмүүсийн Бурханы шашныг харж, ойлгож байгаа өнцөг нь ямар нэг ид шид, хаа нэгтэйгээс мундаг лам, бөө намайг аварна, миний амьдралыг өөрчилнө гэх ойлголт байгаа юм. Түүнээс яг ёс суртахууны хувьд бол нөгөө хүний Бурхан нь ажилладаггүй, унтаа болчихож байгаа юм.

6. Бурханы шашинд итгэдэг бол юу нь зөв, юу нь буруу, юуг хийж болохгүйг маш нарийн мэдэж, түүнийхээ дагуу үйлдэж байх ёстой.

7. Саяхан би Баруун аймгуудаар явсан. Гэтэл Говь-Алтайнхан саяхан манай нутагт үнэхээр нэг “үлээдэг” нөхөр ирлээ гээд ярьж байна. Аймгаараа “үлээлгэсэн” бололтой. Харин Завханд очсон чинь “Саяхан манайд үнэхээр “долоодог” нэг нөхөр ирлээ” гэж байна. Аймгаараа л “долоолгосон” юм байх. Хүн ямар ч шашинтай гэж хэлж болно. Гэтэл эцсийн дүндээ тэр шашин нь зөв сэтгэл, зөв үйлд хөтөлдөггүй, зөвийг ухуулдаггүй бол ямар ч хэрэггүй.

8. Өнөөдөр Монголын нийгэмд төрд, биедээ итгэх итгэл цөхөрч, дийлэнх нь бухимдалтай амьдарч байна. Энэ үед хамгийн чухал зүйл бол зөвшилцөх, бусдадаа бууж өгөх ухаан юм. Өнгөрснөө мартаж, ирээдүйгээ харъя.

9. Монголчуудын түүхэн ялагдал, ялалтыг харж байхад ойролцоо хүчтэй хоёр тал биедээ бууж өгөлгүй, дотроо хагаралдсанаас үүдэлтэй байдаг. Саяхан би Манжийн хааны хүүдээ бичсэн захидал” гээд  орчуулгын номыг уншлаа. Галданбошигт хааны үед Монголыг эзэлсэн тухай бичсэн байгаа юм. Тэндээс харж байхад ойролцоо хүчтэй дайсагналцсан талууд л биенээ үгүй хийчихэж байгаа юм.

10. Түүнтэй адил тэр нам, тэр дарга, сайд сайн муу гэж талцаад эцэс төгсгөлгүй маргаан, хардлага, цөхрөлөөс өөр зүйл бидэнд үлдэхгүй. Бидэнд хүчээ нэгтэх, зөвшилцөх ухаан хэрэгтэй.

One thought on “Д.Нямсамбуу: Баян байхаас илүүтэй зөв амьдрах нь чухал

  1. Онч

    Сайхан хэлжээ.Гэвч муугийн жишээнд багшийгаа авсан алдаагаа цаашдаа солихыг
    хүсье.

Хариулт үлдээх

Your email address will not be published.