Эрдэнэс Таван Толгой IPO хийнэ
2018 оны 5 сарын 29

Засгийн газраас  Эрдэнэс Таван Толгой хувьцаат компанийн 30 хувийг гадны хөрөнгийн бирж дээр гаргах шийдвэрлэх алхамаа хийсэн нь 2000-аад оноос манайд уламжлал гэмээр болсон Debt Financing (өр, зээлийн санхүүжилт) гэх луйварын гэмээр санхүүжилтийн арга, барилаас татгалзаж Equity Financing буюу санхүүжилтийн сонгодог арга болох хувьцааны хөрөнгө оруулалтыг хэрэглэх болж Монголын эдийн засагт үр ашигтай, хөрөнгө оруулалтыг татах шинэ замыг нээн өгч буй юм.

ЭТТ-н 30 хувийг гадны хөрөнгийн бирж дээр арилжаалах замаар хөрөнгө оруулалт татах нь Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) төрийн бодлогын түвшинд жинхэнэ утгаараа бий болох анхны тохиолдол бүртгэгдэх нөхцөл бүрдэж эхэлж байна гэж үзэж байна. Equity Financing гэх ГШХО-ын хамгийн түгээмэл, хялбар, шударга хэлбэр байсаар атал бид өдий олон жил тойрон гүйсээр өдийг хүрсэн нь хачирхалтай.

Одоо гадна, дотны эрх мэдэлтэй хэн нэг этгээд лизензийг үнэгүй, хямдаар авах, эсвэл түрээслэх нэрээр уул уурхайн баялагт маань эзэн сууж баялгийг барцаалан зээл авч түүнийгээ хөрөнгө оруулалт хэмээн нэрлээд, өр төлбөрийг нь баялгийн эзэн Монголчуудаар төлүүлдэг энэ муу зуршлыг арилгах, зогсоох боломж бүрдэж байна. 2015 онд явагдаад амжилт олоогүй ЭТТ-г хөдөлгөх гэрээ гэгч нь үнэндээ лизензийг 40-50 жилээр түрээсээр авч ордыг барьцаалан гаднаас зээл авснаар санхүүжилтийг босгох төлөвлөгөө байсан юм.

ЭТТ-н хувьд засгийн газраас 20 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах төлөвлөгөөтэй байсан, харин өнөөдөр 30% болж өссөн байна. Өнөөдөр ЭТТ-н хувьд 85.34 хувь нь төрийн мэдэлд, 14.6% нь 1072 хувьцаа хэлбэрээр ард иргэдэд (20% байхаар төлөвлөсөн), 0.06% дотоодын ААН-үүдийн мэдэлд байна.

ЭТТ зах зээлд гарснаар хувьцааны хувьд ямар бүтэцтэй байх ёстой вэ гэвэл: Төрийн эзэмшлийн хувьд хэзээ ч хяналтын багц буюу 51 хувиас доош орох ёсгүй. Ард иргэдийн эзэмшиж буй 14.6% (20% болох ёстой) бол хөдлөхгүй, зарагдах ёсгүй. Ингэснээрээ Монголчууд бид 30%-иас үнэ төлбөр, өр ширгүй орж ирэх $4.7 тэрбум долларын санхүүжилтийг уурхайн бүтээн байгуулалтад зарцуулхаас гадна хяналтын багцыг эзэмших замаар ЭТТ уурхайнхаа баялагт эзэн нь байсаар байх болно. Энэ бол дэлхийн сонгодог жишээ юм.

IPO хийснээр нэгж хувьцааны үнэ унахгүй, өсөх хандлагатай байна. Харин гадны бирж дээр зарагдах 30 хувийг нэгдмэл ашиг сонирхолтой нэг бүлэг биш харин хэд, хэдэн бүлэг санхүүжүүлэгчид, мөн олон нийт, хувь хүн, компаниуд эзэмшвэл дээр юм. Одоо харин ард иргэдийн хувьд алга болсон, алдагдсан хувьцаануудынхаа сургийг гаргах л үлдлээ.

Х.Батсуурь

Хариулт үлдээх

Your email address will not be published.