Төрийн албан хаагчдыг цахим сүлжээ ашиглахыг хориглолоо
2018 оны 5 сарын 31

Төрийн албан хаагчид ажлын байрандаа олон нийтийн сүлжээ ашиглахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Энэ шийдвэр төрийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагуудад хамааралтай юм байна.  Ерөнхий боловсролын сургуулиас эхлээд интернэт орчинг хязгаарлах талаар ярьж байгаа ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Харин энэ хязгаарлалтыг төрийн байгууллага, Төрийн ордноос эхэлж байгаа нь сайшаалтай юм. Төрийн албан хаагчдын ажлын цаг бол ард түмний өмч гэдгийг хуульдаа заагаад өгчихсөн. Тэгэхээр төрийн албан хаагчид ажлын байрандаа сошиал орчин ашиглахгүйгээр зөвхөн ажлаа хийхээр болж байна.

Ингэснээр төрийн албан хаагчид ажил дээрээ Facebook, Twitter, Youtube, Instagram, Steam, төрөл бүрийн видео болон видео тоглоом зэргийг ашиглахгүй юм.

Төрийн байгууллагын нэгдсэн сүлжээ хэрэглэгчдийг Facebook, Twitter, Youtube, Instgram, Steam гэх мэт сайт, сүлжээнд холбогдохгүй болгох хязгаарлалт хийх юм байна. Өмнө нь ч гэсэн видео тоглоом, Youtube сүлжээ рүү холбогдохгүй болгох тохиргоог төрийн байгууллагуудад хийж байсан. Мөн зарим нэг мэдээллийн сайт руу нэвтрэх боломжгүй болгодог тохиргоо ч байдаг гэдэг. Харин энэ удаад олон нийтийн сүлжээг тодотгосон нь нэг талаасаа ажлын цагаар интернэтээр “тэнэж” ажил хийдүүлэгчдийн эсрэг авсан арга хэмжээ гэмээр.

Гэхдээ тогтоолд  төрийн байгууллагууд албан бичиг, баримтыг олон нийтийн сүлжээгээр дамжуулах болон программ ашиглаж олон нийтийн сүлжээнд хандахыг хориглосон. Бүр Тагнуулын ерөнхий газрын дарга хурандаа Д.Гэрэлд, технологийн шийдлийг нь хариуцахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нарт хатуу хяналт тавих үүрэг өгсөн нь анхаарал татна. Үндсэндээ төрийн албатай холбоотой албан бичиг мэдэгдлүүд олон нийтийн сүлжээгээр тархаж шүүмжлэл өрнүүлдгийн эсрэг арга хэмжээ гэмээр. Энэ нь нэг талаасаа төрийн албаны албан бичиг, хариулт, журам тайлбарууд олон нийтэд нээлттэй байх зарчмыг хөндөж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Мэдээж хэрэг төрийн албаны нууцаас бусад.

Уг нь өмнө нь ч Н.Алтанхуягийн Засгийн газрын үед төрийн байгууллагын ажлын байранд интернэтээр олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглож, олон нийтийн сүлжээгээр баримт, албан бичиг дамжуулахыг хориглож байсан ч олон нийтэд хамааралтай мэдээллүүд ил болсоор ирсэн. Жишээлбэл, өчигдөрхөн л гэхэд Хүүхдийн мөнгөө авч чадаагүй охин тэтгэмж хүртэж байсан гэх албан бичиг олон нийтийн сүлжээгээр эрчтэй тархсан. Үүнээс өмнө нь ноцтой, “но”-той бас инээдтэй, алдаатай бичгүүд олон нийтийн сүлжээгээр хангалттай тархаж байсан. Басхүү төрийн албаныхны бульхай, алдааг илчилж байсан тохиолдлууд ч бий. Одоогийн энэ хязгаарлалт ч гэсэн олон нийтийн сүлжээний “хэт шуурхай” байдлыг зогсоож чадах нь юу л бол.

Тэгэхээр энэ хязгаарлалт давхар ”юунд” чиглэж байгааг анхаарахад илүүдэхгүй байх. Түүнээс гадна төрийн албан хаагчид, ялангуяа хэвлэл, олон нийтийн харилцах алба болоод боловсрол, нийгмийн салбарынхан мэдээлэл авах боломж нь хязгаарлагдах нь гэсэн болгоомжлол байна. Бодвол үүнд ямар нэгэн зохицуулалт хийх байх.

Гэхдээ л жоомоо алах гээд гэрээ шатаав гэдэг шиг тоглоом тоглодог, олон нийтийн сүлжээнд зугаацаж суудаг альхай ажилтнуудынхаа эсрэг арга хэмжээ авах гээд мэдээллээсээ хэт тасрах вий дээ.

А.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.