Ойрын таван жилд орон сууцны эрэлт буурахгүй гэв
2018 оны 6 сарын 5
Ойрын таван жилд орон сууцны эрэлт буурахгүй гэв

Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/-наас өнөөдөр /2018.06.05/ “Барилгын зах зээлийн өнөөгийн байдал ба эрэлт нийлүүлэлт” сэдэвт хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Улаанбаатар хотын нийт өрхийн тоо өнгөрсөн оны байдлаар 380.828 болж, сүүлийн таван жилд 16,7 хувиар өссөн байна. Эдгээр 380 мянган өрхийн 56,7 хувь нь гэр хороололд, 43,3 хувь нь орон сууцанд амьдарч байна. Өнөөгийн  барилгын зах зээл дээрх орон сууцны эрэлт нийлүүлэлтийн харьцаа ямар байгаа талаар УИХ, Засгийн газрын тогтоол БХБЯ-ны захиалгаар ‘Тэнхлэг зууч’ ХХК нь Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт өрхийн ойрын гурван жилийн орон сууцны эрэлт хэрэгцээг тодорхойлжээ.

21 аймгийн хэмжээнд 2017 оны байдлаар 482,687 өрх байгаагаас 41 хувь буюу 198,302 өрх нь аймгуудын төвд оршин сууж байгаа аж.  Тэдний 57,377 өрх буюу 29 хувь  нь орон сууцанд, 140,925 өрх буюу 71 хувь  нь гэр хороололд амьдарч байгаа судалгаа гарчээ.  Харин Улаанбаатар хотын хэмжээнд ирэх таван жилийн хугацаанд нийт есөн дүүргийн 216913 өрх инженерийн дэд бүтэц бүхий орон сууц худалдан авах хэрэгцээ байгаа аж. Ойрын таван жилийн хугацаанд орон сууц хэрэгцээтэй эдгээр өрхийн 16,3 хувь буюу 35,497 өрх нь бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт юм. Энэхүү бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлтийн 93 хувь буюу 33,102 өрх нь ирэх гурван жилийн хугацаанд орон сууц худалдаж авахаар төлөвлөж байгааг судалгаанд дурджээ.

Улаанбаатар хотын хэмжээнд ойрын гурван жилийн хугацаагаар авч үзвэл, бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт 33,102 айл, орон сууцны боломжит нийлүүлэлт 38,514 байна. Нөгөө талдаа нийлүүлэлт нь давсан байгааг судалгаагаар онцолжээ. Тухайлбал, ойрын гурван жилийн хугацаанд 5412 айлын орон сууцны нийлүүлэлт давсан бол 2018 оны хувьд бусад онуудаас хамгийн их орон сууцны нийлүүлэлт их байгаа аж.

Судалгаанд тусгаснаар орон сууцны хэрэгцээтэй өрхүүд нь бүрэн цутгамал хийцтэй, хүн амьдарч байгаагүй шинэ орон сууц сонирхож байгаа ба өрөөний сонголтын хувьд 54,8 хувь нь хоёр өрөө орон сууц, талбайн хэмжээний хувьд 40-60м2 талбайтай орон сууцыг 53,7 хувь нь сонирхож байна.

Орон сууц хэрэгцээтэй ч одоо хүртэл худалдаж аваагүй шалтгаанууд:

  • Урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх боломжгүй
  • Зах зээл дээр борлуулагдаж байгаа орон сууцны үнэ өндөр
  • Өрхийн орлого нь зээл төлөлтөнд хүрэлцдэггүй гэх мэт голлох шалтгаанууд нь өрхийн санхүүтэй холбоотой хүндрэл байна.

Инженерийн дэд бүтэц бүхий орон сууц худалдан авах хэрэгцээтэй 216,913 өрхөөс 71,798 өрх тодорхой хэмжээгээр урьдчилгаа төлөн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа бөгөөд урьдчилгаа төлбөрөө одооноос цуглуулж эхлэх, зарим өрхийн хувьд өөрсдийн хуримтлалаасаа бүрдүүлэх хүсэлтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд амины болон нийтийн орон сууцны 427 төслийн 62339 айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Эдгээрийн 59,426 айл нь нийтийн орон сууц, 2913 айл нь амины орон сууц байгаа аж.

Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн орон сууцны төсөл Улаанбаатар хотод 217 байна. Эдгээрийн 93 хувь нь нийтийн орон сууцны, долоон хувь нь амины орон сууцны төсөл байгаа юм. Энэ төслүүдийн хувьд ямар нэгэн барилгын ажил эхлүүлээгүй, ажил явагдаагүй байгаа учир нийлүүлэгдэх орон сууцны айлын тоо, хугацаа зэргийг одоогоор тодорхойлох боломжгүй байна гэдгийг албаныхан хэллээ. Баригдахаар төлөвлөгдсөн ч ажил эхлээгүй төслүүдийн дийлэнх нь Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргүүдэд байна.

2018 оны гуравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод хэрэгжиж буй нийт төслөөс барилгын ажил нь түр зогссон 30 төсөл байгаа ба үүнээс Хан-Уул дүүрэгт хамгийн олон буюу 13 төсөл нэг жилээс дээш хугацаагаар зогссон байна. Хэрэгжиж буй 59426 айлын орон сууцнаас 22,489 айлын орон сууц нь ашиглалтанд орсон ба үүнээс борлогдоогүй байгаа 5,822 айлын орон сууц байна. Харин ашиглалтанд ороогүй 36,937 айлын орон сууцнаас 32,692 нь борлогдоогүй байна гэсэн судалгааг танилцуулав.

Хариулт үлдээх

Your email address will not be published.