Эмэгтэй гишүүд: Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой
2018 оны 6 сарын 9

УИХ-ын чуулганы үйл ажиллагаа өнөөдөр өдөржин УИХ-ын гишүүн А.Мурат, Д.Гантулга нарын асуудлыг хэлэлцэхэд чиглэв.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл дөнгөж сая Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Ц.Цогзолмаа, М.Билэгт, Д.Оюунхорол, Н.Оюундарь, А.Ундармаа нар хэвлэлийн бага хуралд оролцов.

Д.Оюунхорол:

УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн зүгээс хоёр гишүүнийг бүрэн эрхээ түдгэлзүүлээд хууль, хяналтын байгууллагаар үнэн зөвөө тогтоолгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Эмэгтэй гишүүд Монголын нийт эмэгтэйчүүдийн дуу хоолой болж ажилладаг. Тиймээс бид хууль шүүхийн өмнө тэгш байх ёстой гэдэг зарчмыг баримталж байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас хоёр гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжсэнгүй. Бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль дээр ажилласан гишүүдийн хувьд хоёр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, хуулийн байгууллагаар эцэслэх нь зүйтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

Нийгэмд буруу үйлдэл гаргаснаа гишүүний бүрэн эрхийн дор далдлах оролдлогыг парламентын түүхэнд гаргах ёсгүй. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдох насны босго тавих ёстой гэж үзэж байгаа. Магадгүй зарим хүмүүс залуу насны алдаа гэж ярих гээд байх шиг байна.

Бид парламентын гишүүдийн төлөвшлийг сайжруулах үүднээс ёс зүй, насны хувьд чансаатай хүмүүс сонгогдох нь төр цэвэр байхын үндэс гэж бодож байна. Залуу хүн алдсан гэж өмгөөлөх боломжгүй байхгүй. Бид бол ээжүүд, эхчүүд, эмэгтэйчүүд.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад ёс зүйгүй үйлдлийг ямар нэг байдлаар хаацайлсан шийдвэр битгий гаргаасай, эрэгтэй гишүүд маань.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Хууль зүйн байнгын хорооны шийдвэрийг хараад сэтгэл их өвдлөө. Хүн алдсан байж болно, залуу насны алдаа ч байж болно. Өөрийнхөө буруугүйг хуулийн байгууллагаар шалгуулаад, гэм буруугүй гэдгээ тодруулаад ирэх ёстой байсан.

УИХ-ын гишүүд Монгол Улсын 3,3 мянган иргэний төлөөлөл болсон 76 гишүүн хамгийн ёс зүйтэй, ард түмэндээ аав, ээж шиг сэтгэлээр ханддаг хүн төрийн тэргүүнээр сонгогдох ёстой. Сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл нь эмэгтэйчүүдийг дарласан, доромжилсон асуудлаар шалгагдах асуудал гарч байхад шалгуулаад “ир гэхийн” оронд эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэсэн дүгнэлт гаргаж байгаа эрэгтэй гишүүдэд харамч байна.

Эмэгтэйчүүдийн төлөө, охидын төлөө хүчирхийлэлд автахгүй төлөө зөв үнэнийг шалгуулаад ирэх боломжийг парламентын гишүүд олгох байх гэдэгт итгэж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.