ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаас юутай ирэв
2018 оны 6 сарын 11
 

Уулзалтын эргэн тойронд

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хурал Хятадын Шаньдүн мужийн Чиндао хотноо болж өндөрлөлөө. Зохион байгуулагч орны төрийн тэргүүн Ши Жиньпин хурлыг даргалж, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекстан, Энэтхэг, Пакистан зэрэг орны удирдагчид оролцсон байна

Энэ удаагийн уулзалтын нэг онцлог гэвэл  ШХАБ-ын гишүүн найман орны удирдагч хэлэлцээр хийсний дараа ажиглагч орнуудын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын албан тушаалтнуудтай өргөтгөсөн уулзалтыг зохион байгуулсан юм.

Үндсэн гишүүн орнууд: БНХАУ, ОХУ-аас гадна Энэтхэг, Пакистан, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс.

Ажиглагч орнууд: Монгол, Иран, Афганистан болон Беларусь улс.

Түнш орнууд: Мөн Шри-Ланк, Турк, Азербайжан, Армени, Камбож, Балба  улс уулзалтад оролцсноос харвал тус байгууллага цаашид хэрхэн өргөжиж тэлэх вэ гэсэн дүр төрх харагдахаар байна.

Үндсэн найман гишүүн орны хүн ам 3.1 тэрбум, ажиглагч орнуудыг оролцуулаад 3.2 тэрбум буюу дэлхийн хүн амын тал хувийг эзэлж байгаа юм. Үндсэн гишүүн орны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2016 оны байдлаар 15 их наяд ам.доллар байсан бөгөөд энэ нь дэлхийн нийт ДНБ-ий 20 хувь буюу Европын холбооны дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэж байна. Энэ онд эдийн засгийн үзүүлэлтээрээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллага Европын холбоог гүйцэж түрүүлэх төлөвтэй байна.

ШХАБ-ын уулзалтаар ямар асуудал хэлэлцэв

ШХАБ-ын хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, шинэ нөхцөл дэх олон салбарын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо солилцжээ. Гишүүн орны удирдагчид “Чиндаогийн тунхаг”-т гарын үсэг зурж нийтлэхийн зэрэгцээ аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичгийг үзэглэлээ.

Түүнчлэн аюулгүй байдал, терроризмтай тэмцэх, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг эн тэргүүний чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ярилцжээ.

Монгол Улс ШХАБ-д элсэх үү

Энэ удаагийн уулзалтад Монгол Улс ажиглагчийн статустай оролцсон. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ “Монгол Улс ШХАБ-д элсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн.Монгол Улс ШХАБ-ийн ажиглагч гишүүнээр 14 жил болсон, энэ бол хангалттай, миний хувьд” гэжээ. Мөн гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс шат ахиулан оролцох бололцоог судалж, улс төрийн хүрээнийхэн олон нийтийнхээ санаа бодлыг сонсч, хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх тус байгууллагын хүрээнд ч манай гурван улсын хамтарсан “Эдийн засгийн коридор” хөтөлбөр хэрэгжинэ гэдэгт найдаж байна” хэмээжээ.

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко   манай Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Монгол Улс их урт хугацаанд ажиглагч байсан, ийм хашир байх нь зөв. Манай улсын хувьд ажиглагчаар ороод удаагүй байна. Гэхдээ миний бодлоор Монгол Улс ШХАБ-д элслээ гэхэд алдах юм байхгүй, харин ч эдийн засгийн хувьд авах юм их байгаа” гэсэн санаа оноогоо илэрхийлжээ.

Энэ бүхэн ойрын үед манай улс энэ байгууллагын гишүүн болох магадлал маш өндөр байгааг илэрхийлнэ.

Хоёр хөршдөө Монгол улс ямар санал илэрхийлэв

Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинтэй уулзах үеэрээ ирэх жил тохиох Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, цэрэг батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, тоног төхөөрөмж нийлүүлэх боломжийн талаар ярилцжээ.

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгааг онцлоод хоёр талын иж бүрэн стратегийн  түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч байгаагаа илэрхийллээ.

Мөн БНХАУ-ын авлигатай тэмцэх, ядуурлыг бууруулах туршлагыг анхааралтай ажиглаж байгаагаа хэлжээ.

ОАУ, БНХАУ:  Монголд хандсан үг

Чиндаогийн уулзалтын үеэр Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт болсон. Хөрш гурван  орны төрийн тэргүүн нар 4 дэх удаагаа уулзаж буй нь энэ юм.  Мөн  Ерөнхийлөгч В.Путин болон Си Жиньпин нартай манай Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалтыг ч бас хийсэн. Хаяа нийлж, хаалга нь цоожгүй хөрш орнуудын хувьд ярих зүйл их байсан нь мэдээж.

Гурван талт уулзалтын хүрээнд “Дунд хугацааны замын зураглал” болон хамтын ажиллагааны “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” гэсэн хоёр чухал баримт бичгийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцжээ. Мөн төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах төсөл, Азийн автозамын сүлжээний “АН-3” чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны автозам барих төслийг хэрэгжүүлэх гэсэн нийтлэг ойлголтод хүрчээ.

Уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч В.Путин “Гурван улсын худалдааны эргэлт өссөнд сэтгэл хангалуун байна. Монголын талаас удаа дараа тавьж буй ОХУ, БНХАУ-ыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг БНХАУ-ын тал хүлээн авч, нааштай хандана гэдэгт найдаж байна” гэжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр улсын уламжлалт найрсаг харилцаанд шинэ боломжууд нээгдэж байгаа цаг үе хэмээн онцлоод Монгол Улсын язгуур эрх ашгийг ямагт хүндэтгэнэ гэдгээ хэлэв.

Мөн дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 95 хувийг бүрдүүлдэг Монгол, БНХАУ хамтран ажиллах боломж, шүлхий өвчингүй, стандартын шаардлага хангасан махыг Монголоос БНХАУ руу экспортлоход  нээлттэй, түүнчлэн  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа гурил нийлүүлэх, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах гэх мэт олон боломж байгааг хэлжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тааламжтай үедээ БНХАУ-д төрийн айлчлал хийхийг албан ёсоор урьж, цаашид тогтмол харилцаа холбоотой хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Х.ТЭРГЭЛ

 

 

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.