УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлаар эмэгтэй гишүүд хоёр хуваагджээ
2018 оны 6 сарын 11

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж, УИХ хамгаалж үлдсэн ч эмэгтэй гишүүдийн бүлэг нэгдэж, УИХ-аас гаргасан шийдвэрт Ерөнхийлөгчөөр хориг тавиулахаар албан бичиг илгээх гэж байгаа хэмээн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдэгдсэн. Тодруулбал, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг гишүүний бүрэн эрхээ түр түдгэлзүүлээд асуудлаа хууль хяналтын байгууллагаар шалгуулаад үнэн мөнөө тогтоолгоод ир гэсэн юм.

Мөн энэ асуудлаар эмэгтэй гишүүд хоёр хуваагдаад байгаа аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлаар эмэгтэй гишүүд хоёр хуваагдчихаад байна. Хурал хэвлэлийнхэнд нээлттэй явагдахаар Д.Мурат, Д.Гантулга нарын асуудлыг үнэн зөвөөр тогтоох ёстой. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ёстой гэчихээд яг хаалттай санал  хураалт явагдахаар тэднийг хаацайлсан санал өгч байна. Ингэж хоёр нүүр гаргах хэрэггүй” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Би энэ парламентаас ичиж байна. Банкны тухай хууль гээд зөндөө олон хэлэлцэх асуудал байсаар байтал хүчингийн хэрэг хэлэлцэж байгаа энэ парламентаас ичиж байна” гэв.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Ичиж байна. МАН-ын бүлэг энэ асуудлаар дахин хуралдаж, асуудлыг шийдэхээр болсон. Мөн зарим эмэгтэй гишүүд нэгдэж, Д.Мурат, Д.Гантулга нарыг хамгаалж үлдсэн УИХ-ын шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хориг тавиулахаар албан бичиг хүргүүлэх гэж байна. Хүчингийн хэрэгт холбогдсон бол энэ асуудлаа хууль хяналтын байгууллагаар шалгуулаад тогтоолгоод ирэх хэрэгтэй. Гэтэл УИХ хаацайлж үлдээх шаардлагагүй байсан” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг хууль шүүхийн байгууллагаар үнэн мөнөө тогтоолгоод ирэх хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн М.Билэгт, А.Ундраа, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа, Д.Оюунхорол нар байр сууриа илэрхийлээд байгаа.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг чуулганы хуралдааны үеэр “Ийм балай юманд оролцохгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Саранчимэг, Ц.Гарамжав, Д.Сарангэрэл, Г.Мөнхцэцэг нар байр сууриа илэрхийлээгүй байна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.