АСЕМ-ын булхай: 11 сая төгрөгийн өртөгтэй сүүдрэвч, нэг хүн 1 л архи, 25 л пиво, 9.6 л ундаа уух нэг удаагийн хүлээн авалт
2018 оны 6 сарын 13

Үндэсний аудитын газраас АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад зарцуулсан төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг цувралаар танилцуулж байгаа билээ. Нийтдээ 290 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой зөрчлийг илрүүлж, хуулийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн байгаа юм.

АСЕМ-ын төлөөлөгч тус бүрт 6.7 сая төгрөгийн үнэ бүхий бэлэг өгчээ

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон 1 төлөөлөгчид 6.7 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулж, нийт 366.3 сая төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал, Дээд хэмжээний уулзалтад оролцсон төлөөлөгчдөд гардуулсан 55 ш эмээл, хазаарыг нэг бүрийг нь 1.5 сая, нийт 82.5 сая төгрөгөөр эмээл хазаар бэлтгэн нийлүүлэхэд зарцуулсан байна. Бэлэг дурсгалын жагсаалтыг хүснэгтээс харна уу.

Хөшөөний суурийг бэлтгэхэд 71.9 саяыг зарцуулжээ

АСЕМ-ын 20 жилийн ойн түүхэн дурсгалт “Тэнгэрийн өрх” хөшөөг хийх, “Энхтайваны хонх” хөшөөг зөөж суурилуулахад нийт 668.7 сая төгрөгийн зардлыг гаргажээ. Ингэхдээ зөвхөн “Тэнгэрийн өрх” хөшөөг Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн дэх “Энхтайваны хонх” хөшөөний сууринд байрлуулахын тулд “Энхтайваны хонх” хөшөөг сууринаас баруун тийш 50 м орчимд нүүлгэн шилжүүлж, хөшөөний суурийг зутгахад 71.9 сая төгрөг зарцуулжээ.

Машины сэлбэг зардаг компаниас хүнсний ногоо худалдан авчээ                              

Гүүд Моторс ХХК гэж японы автомашины сэлбэг зардаг компаниас 3.5 сая төгрөгийн өртөг бүхий  хүнсний ногоо худалдан авсан  байжээ. Аудитын шалгалтаар ямар ч зориулалтын биш, холбогдолгүй компаниас хүнсний ногоо худалдан авсан гэж дурдсан байна. Иймэрхүү жишээ хэд хэд байгаа юм.

Нэг удаагийн хүлээн авалтад хүнд 1.1 л архи, 25 л пиво, 9.6 л ундаа зарцуулжээ

АСЕМ-ын үеэр зохион байгуулсан “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээнд зарцуулсан нийт зардлын 40 хувь буюу 315.7 сая төгрөг нь хоол, ус, архи, шар айргийн үнэ болон сүүдрэвчний түрээсийн төлбөрт зарцуулсан байна. Уг нь ус зэрэг уух зүйлд 67.5 сая төгрөгийг төсөвлөжээ. Гэвч бодит байдал дээр  1 хүнд архи 1.1 л, ундаа 9.6 л, ус 5.5 л, шар айраг 25.1 л байхаар зардал гарсан гэж тайлан гаргаж өгснийг аудитын дүгнэлтэд дурджээ.

Мод суулгахад зөвхөн  хүрз, хайчны зардалд 76.8 сая төгрөгийг зарцуулжээ

Дээд хэмжээний уулзалтын төлөөлөгчдийг байрлуулах “АСЕМ Bилла” цогцолборын орчинд 2 га талбайд мод тарьж, ногоон байгууламж байгуулах зорилгоор 150.0 сая төгрөгийн дугааргүй гэрээ байгуулжээ. Хамгийн хачирхалтай нь 5830 мод, бут суулгасан бөгөөд энэ ажлын зөвхөн хүрз, хайчны зардалд 76.8 сая төгрөгийг нь зарцуулсан гэж тайлагнажээ.

“Моннис Моторс” компанийн 250 ш автомашиныг гаалийн татвараас чөлөөлжээ

“АСЕМ”-ын үйл ажиллагаатай холбоотойгоор Засгийн газраас “Моннис Моторс” ХХК Nissan Patrol-Y62 маркийн 100ш, Nissan Teana-Y62 маркийн 120ш, Nissan Urvan микроавтобус 30ш, нийт 250ш автомашиныг татваргүйгээр импортлон оруулж ирэхийг зөвшөөрсөн байна. Гэтэл Nissan Civilian маркийн 4ш микроавтобусыг нэмж оруулан нийт 254ш автомашиныг 9,057.7 сая ам доллар буюу 18.1 тэрбум төгрөг /гаалийн үнээр/-өөр оруулж ирэн 4,211.0 сая төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн байна. Хамгийн гол нь эдгээр 100 гаруй машиныг бүгдийг нь АСЕМ-ын арга хэмжээнд “оролцоогүй, зориулагдаагүй байна.

15 сүүдрэвчийн нэг бүрийн өртөг  нь 11 сая төгрөг

АСЕМ болохтой холбоотойгоор хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Их Мандах-Очир” ХХК-тай 165.0 сая төгрөгөөр шууд гэрээ байгуулж, Дүнжингаравын зам дагуу 15 байршилд ногоон төгөл бүхий бичил тохижилтын ажил /сүүдрэвч, хогийн сав, цэцгийн мандал/-ыг хийж гүйцэтгэсэн гэх боловч аудитын тулгалтаар нийт 9 сүүдрэвч, 8 хогийн сав, 2 цэцгийн мандал байсан ба сүүдрэвчүүдийн ерөнхий байдал эвдэрсэн, хогийн сав тоногдон алга болсон, цэцгийн мандал эвдэрч нурсан байдалтай байжээ. Эдгээрийг хийсэн хийц материал нь удаан хугацаанд ашиглагдах боломжгүй байсан байна. Нэг бүр нь 11.0 сая төгрөгийн үнээр хийлгэсэн сүүдрэвч гэхэд хэтэрхий өндөр үнээр хийгдсэн байна гэж аудитын тайланд дурджээ.

11 сая төгрөгөөр барьсан сүүдрэвч ийм болжээ

Үндэсний аудитын шалгалтаар дээр дурдсан шиг олон төрлийн зөрчил илэрсэн бөгөөд бид дараагийн нийтлэлдээ санхүүжилт нь төсөвт тооцсоноос хэд дахин хэтэрсэн, тендерийн хуулийг зөрчиж, хуулийн  этгээдэд давуу байдал олгон санхүүжилт олгосон байж болзошгүй төсөл арга хэмжээний мэдээллийг хүргэх болно.

Үргэлжлэл бий…

Хариулт үлдээх

Your email address will not be published.