УИХ хүчирхийллийг дэмжсэн шийдвэр гаргаж төрийг доромжилж болохгүй
2018 оны 6 сарын 11

2018-06-11-Улс төр

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцээд дэмжээгүй. Үүнийг УИХ-ын эмэгтэй гишүүд эсэргүүцэж мэдэгдэл хийлээ. Тэд УИХ-ын шийдвэрт хориг тавьж өгөхийг хүсч Ерөнхийлөгчид хандаж байгаа аж.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-УИХ өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнийг УИХ-ын эмэгтэй гишүүд эсэргүүцэж, өнөөдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны хэлэлцэх асуудалд багтаасан. Мөн энэ асуудалд хориг тавьж өгөөч гэсэн хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн байгаа. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болсныг сонслоо.   Монгол төрийг тоглоом наадам болгож болохгүй. Хүчирхийллийг дэмжсэн шийдвэрийг Монголын парламент гаргаж  Монгол төрийг доромжилж болохгүй гэлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “76 гишүүнтэйгээс 13 эмэгтэй гишүүнтэй. Бид эмэгтэйчүүдийн дуу хоолой. Бид олон мянган эхчүүд, эмэгтэйчүүдийн дуу хоолой болох үүргээ гүйцэтгэсээр байх болно. Цаашдаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэсээр байх болно гэсэн юм.

Тэд мөн “Эмэгтэй гишүүд анхнаасаа энэ асуудалд шүүмжлэлтэй байр, суурьтай байсан. Бид хаалттай санал хураалтаар ч энэ л байр, сууриа илэрхийлсэн. Бид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж, охид, эмэгтэйчүүдийн дуу хоолой болж ажиллана. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүдийн маань ихэнх нь прокурорын мэдээлэлд итгэхгүй байсан нь гайхалтай. УИХ-ын гишүүд итгэхгүй болохоор чинь энгийн иргэд яах болж байна. Хүчингийн хэрэгт нэр холбогдсон гишүүн өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчих. Шүүхээр зөв, буруугаа тогтоолгосны дараа УИХ-ын гишүүнээрээ ажиллах, эсэхээ шийдвэрлүүл.  Энэ хоёр гишүүн өөрсдийгөө шалгуулаад буруугүй гэдгээ нотлох хэрэгтэй. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхийг бид шаардсан. Ингээд баасан гаригийн УИХ-ын хуралдааны шийдвэрийг хүчингүй болгохын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэж бодож байсан боловч Д.Гантулга гишүүн өөрөө УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Бидний тэмцлийн үр дүн гарч байна” гэсэн юм.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.