Абдул Карим, Т.Аюурсайхан хоёрын аль нь Төрийн банкийг “зөв” үнэлэх вэ?
2018 оны 6 сарын 13
Абдул Карим, Т.Аюурсайхан хоёрын аль нь Төрийн банкийг “зөв” үнэлэх вэ?

Төрийн банкийг хувьчлахаар Г.Алтан руу “хялалзаад”, хардаад байгаа юм. Угтаа 51 тэрбум төгрөгийн авлагатай түүнд өртэй ч юм шиг хандах үүд нь шүүхээс үүдэлтэй. Төрийн банкийг анх байгуулж байхад нь л Бен Турнбуллээс давж “Тэр хэн л авна даа” гэж хардаж байсан хүн нь АН-ынхан байсан юм. Төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилж гаршсан болохоор тэр болов уу.

Харин энэ удаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас болон МАН-ын эрх баригчдаас “өмч хувьчлалдаа ямар бодлого баримтлаад байгаа юм бэ” гэхээр сонирхолтой хариулт сонсоно. Аль ашигтай ажиллаж байгааг нь хувьчлах бодлого баримталж байгаа гэнэ. “МИАТ”-ийн, Төрийн банкны ашиг орлогоос харахад үнэхээр тийм бодлого баримталж буй нь цаг үеэ олсон зөв алхам мэт. Өөрөөр хэлбэл “үнэгүйдүүлж” хувьчлахын эсрэг юм. Мөн орон нутаг дахь “АЗЗА” гэж “аймгийн саалийн ганц үнээ” хочтой байгууллага бий. Эдгээрээс аль ашигтайг нь хувьчлахаар төлөвлөжээ. Одоогоор улсын мэдэлд авто зам засвар арчлалтын 28 компани байсныг наймыг нь хувьчилсан. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 2006 онд энэ компаниудын техник технологийг шинэчилснээс хойш дахин шинэчлэл хийгээгүй. Тиймээс технологийн хуучралтай, цөөхөн ажилтантай, төрийн захиалгат үйлчилгээ хийдэг, өртэй учраас хувьчилж, хувьд шилжүүлье гэж үзсэн аж. Хувьчилж авсан газрууд хариуцаж авсан замаа засах хариуцлагыг хүлээхээр болжээ.

Хувьчлал гэдэг сонирхолтой үйл явц, хатуу тоглоом. Сүүлийн үед сайн санаж байгаагаас Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлдвэрийн байр гэж хотын төвийн хамгийн өрөвдөм хэрнээ хамгийн гоё байрлалтай объект байлаа. Монгол Улсын Төрийн тэргүүн асанаа шоронд өлсгөлөн зарлуулахад хүрч амь насаар нь дэнчин тавьж байсан энэ балгас 24 тэрбум төгрөгт хүрсэн. Монголын есөн төлөөлөл дуудлага худалдаанд оролцсон ч бэл бэнчин дутаж эцэст нь Кувейтын хөрөнгө оруулалтын газрыг төлөөлж оролцсон гэх Абдул Карим гэгч монгол эхнэртэй нууцлаг эр уг балгасыг авахаар болов. “Шок”-нд оруулсан энэ мэдээ Монголын хөрөнгөтнүүдийг төдийгүй төсвөөс хараат иргэн бүрийг нойрноос нь сэрээсэн.

Жишээ нь одоогийн “Ард Холдинг”-ийн ерөнхийлөгч, “Монгол шуудан”-гийн 49 хувийг эзэмшигч Ч.Ганхуяг ч “Абдул Каримын их мөнгөний ард хэн байгааг, энэ их мөнгө бохир мөнгө эсэхийг шалгах хэрэгтэй” гэдгийг сануулж байв. Энэ удаад ч түүний хувьчлалын талаарх сануулгыг дахин санаж сэрэхэд гэмгүй.

Учир нь одоо төлөвлөөд байгаа хувьчлалуудаас, ялангуяа “МИАТ”-аас, Төрийн банкнаас хэчнээн тэрбум төгрөг төсөвт орох вэ. Тэрхүү олон тэрбум төгрөгийн эх үүсвэрийг, цэвэр эсэхийг хэрхэн нягтлах вэ” гэдгийг анхаарахгүй байх аргагүй. Төр бохир мөнгө авах шийдвэр санамсаргүйгээр ч юм уу гаргачихсан байвал яах вэ.

Ийм сэрэмжлүүлэг Абдул Карим гэгчийг 24 тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгийн “олз”-оос салгахад хүргэсэн. Тэрбээр “Монголын ард түмний хүсэлтээр…гээд гэрээгээ цуцалсны цаана юу нуугдаж байсныг бүү мэд. Ийм “утсан хүүхэлдэй”, тандалтын тактикууд одоо ажиглалтаа хэдийн эхэлж овоо хараагаа тааруулчихсан байгаа.

Долоон тэрбумаас эхэлсэн дуудлага худалдаа тухайн объектыг 24 тэрбумд хүргэсэн. Тэгвэл Абдул Каримын “үнэлэмж”-ээр манай Төрийн банк хэдэн тэрбумд хүрэх бол.

УИХ-аас 2016 онд Төрийн банкийг хувьчлах жагсаалтад багтаахдаа дуудах доод үнийг 300 тэрбум төгрөгөөр тогтоож өгсөн. Ингэхдээ 75 тэрбум нь төсөвт төвлөрөхөөр, 225 тэрбумыг Монгол банкны өрөнд өгөхөөр шийдвэрээ гаргасан билээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дотоодод банкны салбар сайн хөгжиж байхад төр өөр дээрээ данхар бүтэцтэй банк байлгах шаардлагагүй” гэсэн санаа илэрхийлсэн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хувьчлалын асуудалд эсрэг байр суурь илэрхийлсэн байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр “Төрийн банкны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчид өгөх шийдэлд хүрсэн” гэх боловч ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор “Энэ удаа Төрийн банкийг олон нийтэд нээлттэй хувьчлах санал оруулсан” гэж мэдээлсэн байдаг.

Өнөөдөр бид “Австралийн нүүрс ахиад үерт урсаасай”, “Чилийн уурхайчид дахиад ажил хаяасай” гэж залбирах биш, байгаагаа зөв удирдаж төсвөө өсгөх цаг болжээ.  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хувьчлахаар оруулж ирсэн 27 компанийн ажилчдын ирээдүйг яаж баталгаажуулах вэ, тэдний эрх ашиг, давуу эрхийг бодолцож үзсэн үү. Ямар нөхцөлөөр хэнд хувьчлах шалгуур нь тодорхой болсон уу. Хувьчилсны маргаашаас татвараа төлж чадах уу гэх зэрэг олон асуудлыг нягталж ярих ёстой. Хэнд, хэдээр хувьчлах вэ.  Хувьчлагдсаны дараа өнөөдөр төлж байгаа хэмжээнд татвараа төлж чадах уу” гэхчлэн өмч хувьчлалын процессын алдаа, эрсдэлийн талаар ярьж байна. Үүгээрээ бизнес эрхэлж байсан хүний хувьд “Хэнд, хэдээр” гэдгээс арай өөр нүдээр төрийн өмчийн менежментийн талаар үгээ хэлж байгаа нь бодууштай байлаа.

Тэрбээр “Хувьчлалын үнэлгээг яаж хийсэн бэ. зах зээлийн үнэлгээ юу, балансын үнэлгээ юм уу. Хөрөнгийн биржийг 20 тэрбумаар үнэллээ гэж үзэхэд зөвхөн байшин нь бараг 20 тэрбум төгрөгөөс ч давна. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, газрын үнэлгээг салгаж хийх ёстой. Түүнээс биш байшингийнх нь гуравны нэгд хүрэх үнээр хувьчилж болохгүй” гэхчлэн болгоомжлуулсныг бодолцохгүйгээр хувьчлалыг шуурга шиг яаран дайрч хийвэл зөв үр дүн огт гарахгүй.

Ийнхүү “долоо хэмжиж нэг огтлох” шаардлага гарч байна. Төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилдаг алдааг давтахыг хүсээгүй бол Т.Аюурсайхан гишүүний үнэлгээ, Абдул Каримын үнэлгээ хоёрын “голч”-ийг олох нь чухал.

У.ОРГИЛМАА

Хариулт үлдээх

Your email address will not be published.