Хуралдаа суугаагүй гишүүдийг эгүүлэн татна
2018 оны 6 сарын 14
Хуралдаа суугаагүй гишүүдийг эгүүлэн татна

Чуулганы хуралдаанаар  Д.Хаянхярваа, Л.Мөнхбаатар нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг. Магадгүй гишүүд хууль бус зүйл хэлэх, хууль зөрчсөн агуулгатай зүйл уриалах, бие биенийгээ доромжлох асуудал гардаг. Энэ асуудлаар хуулийн төсөлд юу гэж тусгасан бэ. Мөн санал өгөх асуудлыг хэрхэн зохицуулсан бэ. Гишүүд өөрсдийнхөө кнопоор саналаа өгдөг байх ёстой. Гишүүдийг эгүүлэн татах асуудлыг тодорхой болгож өгнө үү.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг заалттай тухайлан өөрчлөлт оруулаагүй. Ер нь хуралдааны явцад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл Ёс зүйн дэд хороонд хандана гэсэн заалт оруулж өгсөн. Санал өгөхдөө кноп дарах, хурууны хээ зэрэг асуудлыг оруулаагүй. Зөвхөн хүний өмнөөс санал өгдөг байдлыг зогсоож байгаа. Эгүүлэн татах хүрээнд нийт чуулганы хуралдааны цагийн 3/1-д суугаагүй бол эгүүлэн татах асуудлыг оруулж ирж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Хуулийг албан болон албан бусаар тайлбарладаг. Тиймээс бид өнөөдөр албан бусаар ярьж болохгүй. Ард түмэн үүнийг хүсч байгаа гэх юм, яг хүсч байгаа эсэх нь эргэлзээтэй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гэдэг нь шууд Үндсэн хууль зөрчиж байна. Гишүүний хуралдаа суухгүй, санал өгөхгүй байна гэдэг нь хувь гишүүний л асуудал.

УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Энэ асуудлыг хуульчлах уг нь шаардлага байхгүй. Бүгдээрээ хуралдаа суучихвал л болно шүү дээ. Тайлбар хийж байгаа албан тушаалтан асуултад бүрэн хариулт өгч чадаагүй бол албан тушаалтныг огцруулна гэдэг нь юу гэсэн үг вэ. Бүх л албан тушаалтныг огцруулаад байх уу.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хурууны хээгээр санал өгөх асуудал энэ хуульд байхгүй.  Хурууны хээгээр санал өгдөг байх асуудлыг Үндсэн хуульд оруулахгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-УИХ дахь намын бүлгүүд гишүүдийнхээ оролцоог хангаж хэлэлцэж болоогүй юм уу. Цөөнхийн бүлгийн гишүүдийн зүгээс АН-ын гишүүдийг эгүүлэн татаж, бүлэггүй болгох гэсэн зорилго агуулж байна гэх зүйл яриад байна. Энэ ямар учиртай юм бэ. Улс төрийн зорилготой хууль оруулж ирж байна гэх шүүмжлэл дагуулаад байх шиг байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Заавал энэ асуудлыг хуульчлах шаардлага байна уу.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Намын бүлгүүдэд зориулж улс төрийн зорилготой хууль боловсруулна гэж байхгүй. Бид олон зүйл дээр ярилцаж байж энэ Дэгийн тухай хуулийг боловсруулж, өргөн барьсан. Олон орны парламентын туршлагуудад дэглэдэг юм билээ. Бид ямар нэг байдлаар бүлэггүй болгох гэсэн санаа агуулаагүй. Аливаа зүйл дэгтэй, журамтай байж явдаг гэдгийг өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаа парламентад суухдаа бодож байсан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Бид анх парламент байгуулагдахад энэ асуудлыг оруулж ирэх байсан. Аливаа байгууллагад хурал тасалсан, хоцорсон тохиолдолд цалингаас хасах зэрэг хариуцлага тооцдог. Гэтэл хууль тогтоох дээд байгууллагад ажилладаг гишүүд хурлаа тасалж, хүний өмнөөс санал өгч, хариуцлагагүй хандаж байгаа. Энэ төслийг хэтэрхий оройтож, цаг алдаж оруулж ирж байна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.