Б.Гангаамаа: Ямар ч уулчин хобби хөөж ууланд авирдаггүй
2018 оны 6 сарын 14
Б.Гангаамаа “Алуурчин” К2 оргилыг зорилоо

Монгол Улсын гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил “К2” уулын оргилд төрийн далбаагаа мандуулахаар өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тэрбээр энэ сарын 15-нд Сланабад, 16-нд захын тосгон Скардод очих юм байна. Харин авиралт энэ сарын 18-наас эхэлж нийт хоёр сарын хугацаанд үргэлжлэх ажаж.

Б.Гангаамаа ээлжит авиралтынхаа талаар “Дэлхийн уулчдын мөрөөдөл бас айдас, алдар нэрийн тавцан гэгдэх Дэлхийн хоёр дахь ноён оргил, Чогори/ К2 / уулын олон улсын авиралтанд эх орноосоо мордож байна.

Энэ авиралтанд 2013 оноос хойш таван жил бэлдлээ. Учир мэддэггүй ганц нэг хүмүүс үгний алдаа гаргаж хобби хэмээн хэлж байсаныг би тод санаж байна. Тэгвэл ямар ч уулчин хобби хөөж энэ ууланд авирдаггүй юм шүү гэдгийг хатуу хэлье.

Миний болон монгол уулчны Монголчуудын зүүд мөрөөдөл биелэх боломжоор хангаж өгсөн Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг БТС-ын Газрын хамт олон, Ерөнхий ивээн тэтгэгчид болон бусад олон байгууллага хүмүүс, найз нөхөддөө чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.

Мөн үргэлж дээлийн зах мушгиж сайн сайханаар зоригжуулан дэмжиж байдаг Монголын ард түмэндээ баярлалаа.

Та бүхнийхээ ачийг амжилтаараа,тамирчин хүний үлгэр жишээ ухамсарт хөдөлмөрөөрөө хариулах болно оо.

Хоёр сарын дараа баяртай уулзацгаая” гэжээ.

Дашрамд мэдээлэхэд, “Алуурчин уул” гэгддэг Пакистаны  К2 оргил /Каракарум/ нь далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог.  К2 уулын авиралт дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт бичигддэг байна.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.