Трамп: Дэлхий ертөнц энэ цаг мөчөөс эхлэн маш том өөрчлөлт харах болно
2018 оны 6 сарын 15

-АНУ, ХОЙД СОЛОНГОС ТУН УДАХГҮЙ ЭЛЧИН САЙДУУДАА СОЛИЛЦОНО-

Сингапурын Сентоза арлын “Капелла” зочид буудалд АНУ, Хойд Солонгосын удирдагчдын түүхэн дээд хэмжээний уулзалт амжилттай болж өндөрлөлөө. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрбээр хоёр улсын түүхэн дээд хэмжээний уулзалт маш үр дүнтэй болсон онцлон тэмдэглэв. Трамп хоёр талын уулзалт үр дүнтэй, ажил хэрэгч болсныг тэмдэглээд, бүс нутгийн удирдагчид тэр дундаа БНХАУ-д талархаж буйгаа илэрхийллээ.

АНУ, Хойд Солонгосын түүхэн дээд хэмжээний уулзалтын үр дүнд: Хоёр улсын ард түмний энх тайван байдал, хөгжил цэцэглэлтийн хүсэл сонирхолтой холбогдуулан АНУ-Хойд Солонгосын шинэ харилцаа тогтоох үүргийг талууд хүлээхийн сацуу Гадаад хэргийн сайд нарын түвшинд аль болох хурдан яриа хэлэлцээ хийхээ амлажээ.

Солонгосын хойгт БНАСАУ болон АНУ энх тайвны замаар тогтвортой байдлыг бий болгоно. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Панмунжомд баталсан тогтоолын дагуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгана. Өөрөөр хэлбэл АНУ Хойд Солонгост аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргийг Хойд Солонгос өөртөө хүлээжээ.

1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайнд үрэгдсэн, сураггүй алга болсон АНУ-ын цэргүүдийг хайх ажиллагааг эхэлнэ гэж заасан байна.

-ТРАМП КИМ ЧЕН УНЫГ ЦАГААН ОРДОНД УРЬСАН БӨГӨӨД ӨӨРӨӨ
ПХЕНЬЯНД ТОХИРОМЖТОЙ ҮЕД АЙЛЧИЛНА ГЭЖ МЭДЭГДЭВ-

Уулзалтын үеэр Трамп, Ким нар хүний эрхийн асуудлаар хэлэлцсэн байна. Трамп ойрын өдрүүдэд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй өнөөдрийн түүхэн уулзалтын үр дүнгийн талаар хэлэлцэнэ гэв. Мөн АНУ болон Хойд Солонгос улс харилцан Элчин сайдуудаа тун удахгүй солилцохоор болжээ.

Трамп АНУ Хойд Солонгос улсад тавьсан хоригийг хэвээр үлдээсэн талаар мэдээлэв. Гэвч Хойд Солонгос улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулсан цагт хоригийг цуцалж болно гэв.

Трамп “Ким Чен Ун ард түмнийхээ гайхалтай ирээдүй, энх тайвныг цогцлоох хүсэлтэй байсан” хэмээн онцолсон юм. Мөн тэрээр “Түүний хувьд цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзаж, бусад улс оронтой харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Ким Чен Ун цөмийн зэвсгээс бүрэн татгалзах бичигт гарын үсэг зурсан. Ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэх байх” гээд Солонгосын дайн удахгүй эцэс болно” хэмээн хэлэв.

Хэлэлцээ цаашид зөв чиглэлдээ өрнөвөл АНУ Солонгосын хойг дахь цэргийн сургуулилтаа түр зогсооно гэж Трамп амлав. Тэрбээр “Ингэснээр маш их мөнгө хэмнэх боломжтой” гэж нэмж хэлэв.

Трамп “Бид түүхэн уулзалтыг хийж чадлаа. Өнгөрснийг ардаа орхиод урагшлах цаг нь болсон. Дэлхийн ертөнц энэ цаг мөчөөс эхлэн том өөрчлөлтийг харах болно” хэмээсэн юм.

Хоёр улсын удирдагчдын уулзалтын дүнд Ким Чен Уныг Цагаан ордонд айлчлахыг Трамп урьжээ. Хойд Солонгосын удирдагч энэ урилгыг хүлээн авсан байна. Харин Трамп Пхеньянд тохирсон үед айлчилна гэж мэдэгдэв.

Ажиглагчид АНУ, Хойд Солонгос ингээд шууд эвлэрчихгүй. Асуудал хаашаа ч эргэж болно. Хамаг учир нь АНУ-д бий гэдгийг ярьж эхэлжээ. Асуудлын гол нь АНУ-ын нэг ерөнхийлөгч нь гарын үсэг зурдаг, нөгөө нь түүнийг нь үгүйсгэдэгт оршиж байгаа талаар судлаачид хэлж байв. Үүний тод жишээ нь 1994 онд Хойд Солонгостой хийсэн хэлэлцээр, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр, Ираны цөмийн хөтөлбөр ажээ.

Иймд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь татгалзуулах асуудал ингээд дуусчихгүй. Энэ хэлэлцээ цаашид хэрхэн өрнөх нь улам их сонирхол татаж буйг дэлхийн хэвлэлүүд болон судлаачид бичиж байна. Учир нь, Трамп ‘Бид цаашид олон удаа уулзах болно’ гэж мэдэгдсэн билээ. Харин Ким Чен Ун Трампад итгээд цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзах хүн биш гэдгийг ажиглагчид онцолж байна.

Дашрамд дурдахад, Сингапурын Ерөнхий сайдын мэдээлснээр, тус улс Трамп Кимийн уулзалтын зохион байгуулалтад 20 сая ам.доллар зарцуулжээ. Үүнээс гадна, гадны төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс агаарын замаа зургадугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд хаасан байна. Энэ үеэр 300 гаруй сайн дурын ажилтан, 5000 цагдаагийн байгууллагын ажилтнууд Сингапурт зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалтад орж ажиллажээ.

Д.ТУЯА

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.