Мэргэжлийн салбарынхны хийх ажлыг тэдэнд үлдээгээч, Ерөнхийлөгч өө
2018 оны 6 сарын 26
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог хуулийн этгээдийн төлбөр, тооцоог Монголбанкаар  гүйцэтгэх хуулийн төсөл санаачилжээ. Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ийм эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзсэн байна.
Ерөнхийлөгчийн энэ санаачилга  Монголбанк болон арилжааны банкны ялгааг сөхөж харахад хүргэв.Өмнө нь Монголбанкнаас стратегийн ач холбогдол бүхий, их хэмжээний орлого олдог аж ахуйн нэгжүүдийн орлогыг Монголбанкаар бус Монголын арилжааны  банкаар дамжуулах асуудлыг Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах талаар хэдэнтэй ярьсан.Гэтэл үүнд тулгардаг том бэрхшээл нь стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүд, тухайлбал “РиоТинто” Монголын банкуудыг эрсдэлтэй гэж хардагтай зүй ёсоор холбогддог. Тиймээс тэдгээр аж ахуйн нэгжүүд “Төв банк, Засгийн газрыг арилжааны банкуудаа эрсдэлгүй болгох талаар арга хэмжээ ав” гэдэг шаардлагыг тавьсаар ирсэн.

Тиймээс Монголбанк Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа стратегийн ач холбогдолтой,  их хэмжээний орлого оруулдаг аж ахуйн нэгжүүдийн орлогыг Монголын арилжааны  банкаар дамжуулах зохицуулалтыг тусгаснаа энэ сарын эхээр танилцуулсан юм.

Өөрөөр хэлбэл, хэдхэн хоногийн зайтай нэг хуульд өөр өөр зохицуулалт хийхээр Ерөнхийлөгч болон Төв банк санаачлага өрнүүлжээ.

Хэдийгээр санаачлага нь зөв ч Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл мэргэжилтнүүдийн инээдийг хүргэж буй гэнэ.  Учир нь  аль ч улс орны Төв банк  нь хуулийн этгээдийн төлбөр, тооцоог гүйцэтгэх субъект биш байдаг.

Манай улсын Төв банкны тухай хуулиар Монголбанк нь  мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, зохицуулах, мөнгөний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх, банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах чиг үүрэгтэй. Мөн  хяналт тавих, гадаад валютын улсын нөөцийг эзэмших, удирдах, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, макро зохистой бодлого хэрэгжүүлдэг.

Гэтэл Монголбанкны чиг үүрэгт огт хамаагүй асуудлыг санаачилж, өргөн барьж буй нь  мэргэжлийн салбарынхны өргөн барьсан өмнөх хуулийн төсөлтэй агуулга, зарчмын хувьд зөрөлдөж байгаа юм.

Нөгөө талаар мэргэжлийн байгууллага Төв банк Валютын зохицуулалтын тухай хуулийг өөрчлөх төсөл өргөн барьсаар атал Ерөнхийлөгч зэрэгцэн зарчмын бус санал өргөн барьж буй нь түүний багийн мэдлэггүйнх үү, эсвэл зориудын олноос оноо авах гэсэн улс төр үү? Үнэхээр мэдлэггүй бол мэргэжлийн салбарынхны хийх ажлыг мэргэжлийнхэнд нь  үлдээвэл яасан юм бэ, Ерөнхийлөгч өө.

Хариулт үлдээх

Your email address will not be published.