Х.Баделхан: Борлуулагдаагүй орон сууцуудыг төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй нөхцлөөр өгөх боломжтой
2018 оны 6 сарын 22

Борлуулагдахгүй байгаа орон сууцнуудыг төр худалдан авч төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүй зээлээр олох асуудлыг Засгийн газрын төвшинд ярьж эхэлсэн байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодрууллаа.


-Төр борлуулагдаагүй орон сууцнуудыг худалдан авч төрийн албан хаагчдад хүүгүй, урьдчилгаагүй өгнө гэсэн мэдээлэл гараад байна. Үнэн үү? 

-Өнгөрсөн нэгдүгээр сард улсын хэмжээнд баригдаж байгаа орон сууц, борлуулагдаагүй орон сууцны тоог гаргаад, борлуулах арга хэмжээ ав гэсэн УИХ-ын  тогтоол гаргасан. Үүний дараа УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь тавдугаар сард багтааж борлогдохгүй байгаа орон сууцны судалгааг гарга гэсэн тогтоол юм. Энэ үндсэн дээр Барилга хот байгуулалтын яам судалгаа хийхэд улсын хэмжээнд баригдаж байгаа 72 мянган орон сууц байна. Үүнээс Улаанбаатар хотод 59 мянга нь баригдаж байгаа бол орон нутагт 12 мянган айлын орон сууц баригдаж байгаа гэсэн дүн гарсан. Энэ бол ойрын хугацаанд ашиглалтад орох барилгын тоо юм. Харин 6390 айлын орон сууц борлогдоогүй байна. Үүний 5822 нь Улаанбаатарт байгаа бол хөдөө орон нутагт 568 айлын орон сууц борлогдоогүй байгаа юм байна. Тиймээс Улаанбаатар хотод байгаа борлогдоогүй орон сууцнуудыг энгийн зориулалтаар, бизнесийн зориулалтаар, стандарт гэж ангилсан. Үүн дотор хамгийн хямд нь нэг метр квадрат нь 1.6 саяын өртөгтэй 2118 орон сууц байна. Энэ орон сууцыг эргэлтэд оруулъя гэсэн саналыг бид ярьж байгаа.

-Тэгэхээр борлуулагдаагүй байгаа орон сууцнуудыг төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй нөхцлөөр олгоно гэсэн үг үү?

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар төрийн албан хаагчдыг орон сууцжуулах боломж байдаг юм байна. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох үүргийг төр хүлээдэг. Энэ хүрээнд улсын хэмжээнд байгаа төрийн албан хаагчдын орон сууцны хангалтын судалгааг хийсэн. Судалгааны дүнгээр улсын хэмжээнд 192 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Нийт төрийн албан хаагчийн тавны нэг нь буюу 60 орчим мянга нь л дэд бүтцэд холбогдсон орон сууцтай байдаг юм байна. Өнөөдрийн байдлаар орон сууц хүссэн төрийн албан хаагч 56 мянга байна. Тиймээс бэлэн байгаа орон сууцыг төрийн албан хаагчдад олгох боломж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин хэрхэн олгох, хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдгийг Сангийн яамтай ярьж байгаад шийднэ. Өнөөдрийн байдлаар бол манай улсын эдийн засгийн байдал маш хүнд байгаа. Төсвийн орлогын 50 хувийг өр, зээлэнд өгч байна. Энэ нөхцөлд төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох ямар боломж байна вэ гэдгийг бид судалж байгаа. Хуваарилалтыг нь гаргасан. Одоо хөрөнгийн эх үүсвэр л гол асуудал болж байгаа.

-Эхний төлөвлөгөөгөөр хөрөнгийг хаанаас босгоно гэж үзэж байгаа вэ?

-Төрийн албан хаагчдын амьдрал хүнд байгаа. Эмч, сувилагч, багш нарт сарын цалингаас өөр орлого байхгүй. Тиймээс хуулийн дагуу 45 хувь хүртэл төлбөр тооцоо хийж болно. Тэрүүгээрээ нэг удаа өгөх боломж байна уу гэж судалж байгаа. Хамгийн гол нь хөрөнгийн эх үүсвэрийг шийдээд Засаг шийдвэр гаргавал энэ санаа ажил хэрэг болгох боломжтой хувилбар гэж үзэж байгаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.