Үндсэн хуулиар хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татна
2018 оны 7 сарын 3
2018-07-02-Улс төр

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар мэдээлэл хийж байна.

Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна уу, оруулбал хэрхэн өөрчлөлт оруулах вэ гэдэг асуудал сүүлийн гурван парламент дамжин яригдлаа. Энэ хугацаанд Засгийн газар дээр хараат бус эрдэмтдийн комисс гарч, 40 гаруй зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдэг томъёолол ирүүлсэн. Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан төлөөлөл оролцон 6 багц асуудлын хүрээнд өөрчлөлт оруулж болох юм байна гэж үзсэн. Монгол Улсад Үндсэн хууль үйлчлээд 25 жил болж бйана. Нийгмийн хөгжил, дэлхий дахины байдал, Монгол улсын явж ирсэн зам зэргийг харж, Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай гэдэг дүгнэлтийг эрдэмтэд болон УИХ-аас гаргасан. Өнгөрсөн оны долоодугаар сараас есдүгээр сарыг дуустал олон нийтийн санал асуулга явуулахад 5.6 сая санал ирсэн. Эдгээр саналыг архивлаад хадгалж байгаа. Зөвхөн хадгалах биш ард иргэдийн санаа бодлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд орууллаа. Үндсэн хуульд дур зоргоороо хориглоно гэж заасан. Иймээс шат болгонд ард түмний санаа бодлыг тулгуурлана.

Олон нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүний хариуцлага, сахилга, ёс зүйг дээшлүүлэх санал маш их ирсэн. Тиймээс өөрчлөлтөд үүнийг тусгаж оруулсан. Мөн УИХ-ын чуулганы хуралдаанд биечлэн оролцож хуралдаандаа суухгүй байгаа гишүүнийг эгүүлэн татна. Энэ асуудлыг үндсэн хуулинд оруулж өгч байна. УИХ,УИХ шиг болчих юм бол аяндаа дэг журам улс даяар сайжирч, улс орны амьдралд томоохон өөрчлөлт гарна.

Түүнчлэн УИХ байнгын ажиллагаатай байх ёстой. Өнөөдөр 50 хоног хуралдаж байгааг 75 хоног болгоно. УИХ-ын гишүүний хуулийг батлах ирцийн асуудал маш их яригдсан тул УИХ хуулийг эцэслэн батлахдаа УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар баталдаг байх саналыг оруулж өгч байна” гэлээ.

УИХ-ын гишүүн 25 болон түүнээс дээш настай байх ёстой бол Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний насыг 30 болгох санал оруулсан байна.

Х.ИНДРА

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.