Дэлхийн хамгийн том олимпийн цагираг Монголд сүндэрлэнэ
2018 оны 7 сарын 3

Монголын байт харваан холбооны ТУЗ-ийн гишүүдийн санаачлагаар “360 Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны талбайг байгуулж байна.

Байт харвааны спортыг хөгжүүлэх, тамирчдыг бэлтгэлжүүлэх зорилгоор анх удаа хэрэгжүүлж байгаа энэ төсөл маш олон хүний хандив, сэтгэлийн дэмжлэгээр босч байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд Швейцарь стандартаар барьж байгаа “360 Дайчин чанар-Тэсвэрийн талбар” талбайн дэд бүтээн байгуулалт болох дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл олимпын таван цагирагийг дэлхийд хамгийн томоор бүтээж Геннисийн номд бүртгүүлэх гэнэ.

Одоогоор дэлхийн хамгийн том Олимпийн цагирагийг 2012 оны Лондоны олимпоор англичууд бүтээсэн нь 25 метр өргөн, 11.5 метр өндөр байна. Уг цагирагийг англичууд 2016 оны олимпийг зохион байгуулсан Рио Де Жанейро хотынхонд бэлэглэсэн нь одоо Рио хотын Мадурейра цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэж байна. Дэлхийд хамгийн томд тооцогдож буй олимпийн цагирагийг бүтээхэд 317,817 фунт зарцуулжээ.

Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх дэлхийн хамгийн том олимпийн цагираг нь 27 метрийн өргөн, 14 метрийн өндөртэй байх юм. Энэхүү том бүтээн байгуулалтыг тамирчдынхаа сэтгэл зүйг өргөх, спорт сонирхогчдын анхаарлыг спорт руу татах, байт харвааны спортоор хичээллэх хүсэлтэй хүүхэд залууст урам зориг өгөх, мөн жуулчдыг ч бас татах зорилгоор энэ төслийг эхлүүлсэн тухайгаа Байт харвааны холбооны ТУЗ-ийн гишүүн С.Эрдэнэболд, М.Мөнхтулга нар ярьж байна. Мөн Олимпизмын төлөөх энэ үйл ажиллагааг манай Олимпийн хороо, Засгийн газар, соёл, спортын асуудал эрхэлсэн салбарын яам дэмжих байх гэдэгт итгэж буйгаа ч нуусангүй.

Дэлхийн хамгийн том олимпийн цагирагны үндсэн бүтэц, архитектур, даацын тооцоолол барилгын бүтээцийн зургийг Б.Эрхэмбаяр захиралтай “Грунер Арт” ХХК-ийн хамт олон хамтран хийж байна. Байт харваан спортыг хөгжүүлэхийн төлөө тамирчдаа дэмжин ажиллаж байгаа “Та бүхэндээ баярлалаа” гэдэг талархлын үгийг тус компанийн хамт олон болон хандив өргөсөн хүн бүрт Байт харвааны холбооноос дамжуулсныг энэ далимд уламжилья.

“360 Дайчин чанар-Тэсварын талбар” байт харвааны талбайг дэлхийн хамгийн том олимпийн цагирагийн хамт ирэх наймдугаар сарын 1-ний дотор ашиглалтанд оруулах бөгөөд үүний дараа байт харвааны спорт сонирхогчдын дунд үе шаттай сургалт явуулах юм байна.

 

One thought on “Дэлхийн хамгийн том олимпийн цагираг Монголд сүндэрлэнэ

  1. цэцэг

    дэлхийн хамгийн том л гэнэ чингис хааныхаа хөшөөг утга чанарыг бодоод хийчихэж чадаагүй байж наад хэдэн төмөрөө хүн дээр унаад хүн алчих юм хмйчихэв дээ тэнэг нь хэтэрсэн тэнэг таван савдаг булагдаж үх

Хариулт үлдээх

Your email address will not be published.