Л.Энх-Амгалан: “60 тэрбум”-аар нээлттэй хэлэлцүүлэг явуулах эсэхийг удахгүй шийднэ
2018 оны 7 сарын 4

Өнөөдөр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Тамгын газрын дарга Ц.Цолмон нар УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар батлагдсан хуулийн болон тогтоолын төсөл, гишүүдийн ирц, парламентын үйл ажиллагааг дүгнэж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын хаврын чуулганы хугацаанд бие даасан 17 хууль, 67 хуульд өөрчлөлт оруулсан, хоёр олон улсын хэлэлцээр соёрхон баталж, таван хуулийг хүчингүй болгож, 50 УИХ-ын тогтоол баталжээ. Үүнээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг УИХ баталсан. Энэ нь 2021 он хүртэл Монгол Улсын эдийн засаг ямар байх, ажилгүйдэл, ядуурал, өрийн дарамт, төсвийн алдагдлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгажээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлсний дүнд өрийн дарамтаас гарч, төсвийн алдагдлаа багасгах бодлогын арга хэмжээг авч байна. Төсвийн алдагдал буурахад зээлжих зэрэглэл сайжирна, авч байгаа зээлийн хүү буурч, хугацаа урт болох боломжтой. Мөн зээлийн дарамт багссанаар улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг багасгах боломж бий болно.

2018 оны төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, гурван ээлжээр хичээллэж байгаа  сургуулийг хоёр ээлжээр болгох, цэцэрлэгийн насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжууд олгож байна.

Цалин, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжууд гарах учраас цаашид  алдагдалгүй төсөвтэй болох  зорилготойгоор ажиллаж байна. Ард иргэдээс эдийн засаг өсөлттэй байгаа ч орлого нэмэгдэхгүй, ядуурал буурахгүй байна гэж шүүмжилж байна. Тиймээс Засгийн газар ажлын байр нэмэгдүүлэх, орлого нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын өөрчлөлтүүд хийж явна.

Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг УИХ-аас баталсан. Энэхүү чиглэлээр олон жил хүлээгдэж байгаа томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах түүхэн шийдвэрийг хаврын чуулганаар гаргасан.

Тавантолгой ордын тодорхой хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гаргаж, дэд бүтцийн ажлуудаа хийх, барих шийдвэрүүдийг гаргасан. Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадах юм бол эдийн 13 хувьд хүрэх, төсвийн орлого нэмэгдэх боломжууд байна.

Мөн хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тогтоол гаргаж, нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгох шийдвэр УИХ-аас гаргасан. Цаашид төсвийн орлого нэмэгдвэл хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно” гэж тодотгосон юм.

Мөн тэрээр “Банкны салбарын багц хууль, Мөнгөний бодлого боловсруулж, зээлийн хүүг бууруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авах чиглэлээр ажиллаж байна. Мөн хаврын чуулганаар Улсын бүртгэлийн тухай хууль баталсан. Энэ хууль нь маш чухал хуулийн төсөл юм. Монголын төр ард иргэдээсээ өөрт байгаа мэдээллээ нэхдэг байсан түүнийгээ больж, цахим хэлбэрт шилжиж байгаа нь давуу тал. Хаврын чуулганаар баталсан бас нэг онцлох хууль бол Багшийн хөгжлийн тухай хууль.

Энэ хууль багшийн хөгжил, нийгмийн асуудлыг дэмжих, багш нарын цалинг үр дүнгээр нь олгох, нийгмийн баталгаа нь сайжрах, байгууллага, сургууль бүр багшийн хөгжлийг дэмжихэд хоёр хүртэл хувьсах зардал олгох, бага ангийн багш нар болон цэцэрлэгийн багш нар туслах багштай болох эрх зүйн орчнуудыг нээсэн. Мөн багш нарын багшлах эрхийн шалгалтыг хассан зэрэг боломжууд олгосон.

Түүнээс гадна Оюутолгой болон Эрдэнэтийн асуудлыг шалгах ажлын хэсгүүд ажиллаж байна. Мөн УИХ-ын дэгийн тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулснаар ард иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх боломж бүрдэж байгаа юм. Намрын чуулган шинэ дэгээр хуралдаж, гишүүд бусдын өмнөөс карт хийж ирц бүрдүүлж, санал өгдөг байдал халагдаж байгаа юм” гэж тодотголоо.

Мэдээллийн үеэр УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон “УИХ-ын Тамгын газраас парламентын үйл ажиллагаа, гишүүдийн ирц, баталсан хууль тогтоомжийн талаарх мэдээллийг нэгтгэж, харьцуулсан судалгаа хийдэг. Хаврын чуулган ажлын 61 өдөр, чуулганы хуралдаан 27 удаа хуралдсан. Байнгын хороо, чуулганы хуралдаан нийтдээ 101 удаа хуралдсан. Хуралдаан саатсан, ирц хүрээгүй тохиолдол байхгүй. Чуулганы нэгдсэн хуралдаан оройн цагаар сунгаж хуралдаж байсан.

Нийтдээ гишүүдийн чуулганы хуралдаанд 7877 цаг хуралдсан бөгөөд сүүлийн дөрвөн чуулгантай харьцуулахад 2016-2018 удаагийн чуулганд оролцсон гишүүдийн цаг 32760 цаг. Гишүүд 233 удаа тасалсан бол энэ удаагийн их хурлын гишүүд 1245 цаг чуулган болон байнгын хорооны хуралдаан тасалжээ. Сүүлийн үед гишүүдийн оролцоо сайжирч байгаа” гэсэн мэдээлэл сэтгүүлчдэд өглөө.

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгөв.

-Гишүүдийн хурлаа таслах нь багассан гэж байна. Гэхдээ огт хуралдаа суудаггүй гишүүд бий шүү дээ. Тэдэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-УИХ-ын Дэгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр УИХ-ын гишүүдийн байнгын хороо, чуулганы хуралдааны мэдээлэл ил тод мэдээлэгддэг болно. Тамгын газраас сүүлийн гурван парламентад хурлаа тасалсан 10 гишүүний нэрийг зарлахаар судалж байна. УИХ-ын Дэгийн тухай хууль хэрэгжээд хурлаа тасалж байгаа мэдээллийг ил болгоод явах боломжтой.

Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдахгүй бол хурлаа таслаад байгаа гишүүдэд ямар хариуцлага  тооцох вэ?

-Намрын чуулганаас хүлээж байгаа гол зүйл бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Үндсэн хуулийг намрын чуулганаар хэлэлцээд явах боломжтой.

Ээлжит бус чуулган зарлах уу. Сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган зарлах нь зүйтэй гэж үзээд байгаа шүү дээ?

-Ээлжит бус чуулганыг ямар тохиолдолд зарлах вэ гэдэг нь дэгийн тухай хуулиар зохицуулагддаг. Үнэхээр улс орны хэмжээний асуудал үүсвэл УИХ-ын дарга захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг хуралдуулах боломж нээлттэй.

-“60 тэрбум”-ын асуудлаар байнгын хороо хуралдах юм уу?

-УИХ-ын ээлжит чуулган завсарлаж, энэ үеэр УИХ-ын байнгын хороо, байгуулагдсан ажлын хэсгүүд хуралдаад явна. Тиймээс нээлттэй сонсгол хийх эсэхээ Хууль зүйн байнгын хороо удахгүй ямар хэлбэрээр шийдэх вэ гэдгээ хэлэлцэх байх.

-Хаврын чуулган иргэдийн амьжиргаанд нөлөөлсөн ямар бодлогын шийдвэр гаргасан бэ. Эдийн засаг өсч байгаа ч иргэдийн амьдралд нөлөөлөхүйц шийдвэр гарч чадсангүй гэж сөрөг хүчний зүгээс мэдэгдээд байгаа шүү дээ?

-Хаврын чуулганаас ард иргэдэд хэрэгтэй хүүхдийн мөнгөний хүртээмжийг сайжруулсан, Үндсэн чиглэл, төвийн хүрээний мэдэгдэлд 2019, 2020 онд цалин нэмэгдүүлэх чиглэл Засгийн газарт өгсөн. Хамгийн гол нь төсвийн алдагдлыг бууруулах, зээлийн дарамтыг багасгах юм бол бидэнд санхүүгийн боломж олдоно. Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдаг байсныг болиулсан нь ард иргэдийн амьдралд ядуурлыг бууруулах боломжууд гарч ирнэ гэж бодож байна.  Одоо бидний өмнө  ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх алхам бидний өмнө тулгамдаж байгаа. Тиймээс хүмүүсийн амьжиргааны орлогыг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, баялгийн тэгш хуваарилалтыг хөрөнгө оруулалтын бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх ёстой юм.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.