Н.Энхболд: Зэвсэгт хүчинд ямар ч гэгээнтэн байхгүй
2018 оны 7 сарын 4

Арми, цагдаа, хилийн цэргийнхэн хутагттай болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Тэрхүү хутагтыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар ажилд орсон гэх мэдээлэл ч гарсан юм. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос тодруулга авлаа.

-Олон нийтийн сүлжээгээр хууль, хүчний байгууллага хутагттай болсон. Тэр хутагтыг Батлан хамгаалахын сайд томилсон гэсэн мэдээлэл гарч байна. Үнэн юмуу?

-Тийм мэдээлэл нийгмийн сүлжээгээр явж байхыг харлаа. Төр, шашны хэрэг хуулиар тогтоогдсон заагтай, тусдаа асуудал. Яагаад гэвэл төрийн албанд хувийн үзэл бодол, байр суурь, итгэл үнэмшил ямар нэг байдлаар нөлөөлөх боломжгүй, зөвхөн төрийн албаны хууль журмын дагуу хандах ёстой. Зөвхөн төрийн албаны хууль дүрмийн дагуу олон нийтийн төлөө гэсэн сэтгэл, санаачилгатай ажиллах ёстой.

Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадал, амгалан тайван байдлыг хангах асуудал дээр хувь хүний үзэл бодол, байр суурь байж болохгүй. Тиймээс ч тусгай тангараг өргөж, төрийн хууль тогтоомжийн дагуу тусгай журмаар үйл ажиллагаагаа явуулдаг учраас төр, шашны үйл ажиллагаа тусдаа  байна гэж заасан байдаг.

Манай яамны зүгээс асуудалд яг ийм өнцгөөр, төрийн хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Албан ёсоор хэлэхэд “Монгол Улсын хэрэг эрхлэх газрын гэгээнтэн” гэж нэрлээд байгаа зүйл огт байхгүй. Шашин бол дотроо олон урсгалтай. Түүнээс төрийн алба ангид байх ёстой.

Ер нь зүгээр бүх цэргийн хар сүлд тахих зэрэг эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрээр үйл ажиллагаа явуулж, түүнд нь лам хуварга сан тавих, ерөөл айлдах нэг удаагийн арга хэмжээнүүд хийдэг. Энэ нь монголчуудын ёс заншил, сэтгэлгээтэй холбоотой байдаг.

Түүнээс цэргийн байгууллага зохион байгуулалттай, тушаалаар ийм үйл ажиллагаа явуулах боломж байхгүй. Энэ гарсан асуудлаар Завхан аймгийн нэг цэргийн ангид сан тавих нэрээр очиж, хувь хүмүүс өөрийн итгэл үнэмшлээр оролцсон. Зэвсэгт хүчний байгууллагын зүгээс тушаал аваад оролцсон зүйл байхгүй.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.