Нөхөн сонгууль намуудын рейтингийн илэрхийлэв
2018 оны 7 сарын 5

Нар буцаж наадам ойртсон энэ өдрүүдэд 11 аймгийн зарим сумдад  орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль чимээ анир багатайхан болж өнгөрлөө. Тодруулбал өнгөрөгч сарын 24, 30-ны өдрүүдэд  11 аймгийн 30 суманд ИТХ-ын сонгууль болсон.

Энэ удаад аймгийн ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 50 мандатын төлөө нийт 90 нэр дэвшигч өрсөлдсөн юм. 24-ний өдөр болсон орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуульд МАН, АН  болон МАХН, мөн АН-МАХН-ын Төв нутаг эвслийн нийтдээ 79 нэр дэвшигч оролцож өрсөлджээ.

Нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 51.64 хувь нь, дахин сонгуульд 50.78 хувь нь тус тус  оролцож  сонгуулийн 17 хэсэгт  саналаа өгч нэг үгээр хэлбэл сонгогчдын идэвх боломжийн хэмжээнд байсан гэж хэлж болмоор.

Энэ утгаар нь харвал нийт дүнгээрээ 80-аас дээш хувийн санал авсан МАН-ын нэр хүнд хуучин янзаар, сонгогчдын хувьд итгэл үзүүлсэн хэвээр байгаа юм байна гэж харахаар байна.

Харин санал хураалтын эцсийн дүнгээр  дийлэнхи олонхи буюу 80-аас дээш хувьд МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулжээ.  Тодруулбал, нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 30 мандатын төлөө 60 нэр дэвшигч өрсөлдсөнөөс аймгийн ИТХ-д МАН-ын хоёр нэр дэвшигч, сумын ИТХ-д МАН-аас 21 нэр дэвшигч, АН-аас 9 нэр дэвшигч олонхийн санал авч тус, тус ялалт байгуулсан байна.

Харин дахин сонгуульд сумын ИТХ-ын 20 мандатын төлөө 30 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас 16 нэр дэвшигч, АН-аас хоёр нэр дэвшигч, МАХН-аас нэг нэр дэвшигч олонхийн санал авч тухайн шатны ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдоод байна.

Нөхөн болон дахин сонгуулийн дүн иймэрхүү дүр төртэй гарлаа.  Ийм завсар дундын сонгууль улс төрийн хүчнүүдийн рейтинг, нийгэм дэх үнэлэмжийг ерөнхий байдлаар хамгийн сайн илэрхийлдэг.  Энэ утгаар нь харвал нийт дүнгээрээ 80-аас дээш хувийн санал авсан МАН-ын нэр хүнд хуучин янзаар, сонгогчдын хувьд итгэл үзүүлсэн хэвээр байгаа юм байна гэж харахаар байна.

Түүнчлэн өөр нэг илэрхийлэл нь гэвэл МАН, АН гэсэн улс төрийн хоёр хүчин нэр нөлөө болон хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа бусад нам хүчнүүдийнхээ тэргүүнд байгаа хэвээр аж.  Санал өгсөн байдлаас үүнийг анзаарч болно. Харин улс төрийн гурав дахь  хүчний орон зай Монголын нийгэмд үгүйлэгдэж байгаа ч энэ хүсэмжлэлд нь МАХН хангалттай хариулт өгч чадахгүй байгаа юм байна.  Энэ удаагийн нөхөн сонгуульд идэвхийлэн оролцсон улс төрийн хүчний нэг нь МАХН байсан ч ердөө ганцхан суудал авлаа.

Нийт дүнгээрээ энэ сонгуульд МАН хангалттай сайн оролцлоо. Хэрэв энэ итгэл үнэлэмж 2020 он хүртэл хэвээр байх аваас УИХ-ын болон аймаг хотын ИТХ-ын ирэх сонгуульд МАН илт давуу ялалт авах боломжтой мэт. 2016 оноос хойш иргэд сонгогчдынхоо итгэлийг  ийм түвшинд хадгалж байна гэж харж болох ч “төр эргэх төлөг хургалахаас амархан” гэдэг шиг ард түмний итгэл алга эргүүлэх зуур бас хийсч замхардаг гэдгийг  санах хэрэгтэй.

Дэрвэж дэгэлзээд байхгүй, тулхтай, амалснаа ажил болгодог, эх орон, иргэдийнхээ ашгийг  эрхэмлэдэг улс төрийн хүчин л урт насалдаг.

Ирэх аравадугаар сард Хэнтийд  Д.Гантулгын тойрог дээр УИХ-ын нөхөн сонгууль болно. Энэ тойргийг хараалж байгаа улс төрийн хүчнүүдийн хувьд том шалгуур болно. Мөн л намууд нийгэм дэхь нэр хүнд үнэлэмжээ цэгнэх нэг боломж юм.

Энэ бүхэн бол 2020 оны сонгуульд ялалт аль талд байх вэ гэдгийн дохио сануулга болно.

Х.ОЧ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.