Улаанбаатарт 45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барина
2018 оны 7 сарын 18

Нийслэлд1.3 сая хүн амьдардаг. Гэтэл баяр наадам, томоохон арга хэмжээг 10 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахад суудал хүрэлцдэггүй. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагааны тасалбар шаглаж зарахаас эхлээд олон асуудал үүсдэг. Уг асуудлыг шийдэх зорилгоор Улаанбаатар хотыг хөгжүүлэх “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд 45 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөжээ.

Бээжингийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнг барьсан Хятадын компани Улаанбаатарт 45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг барих саналаа ирүүлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор 2008 онд Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнг барьсан “Чиндо Констракшн” группийн ерөнхийлөгч Ли Жан Сун тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой хэд хэдэн удаа уулзжээ. Уулзалтаар “Чиндо Констракшн” группийн ерөнхийлөгч Ли Жан Сун Улаанбаатар хотод шинэ цэнгэлдэх хүрээлэн барихад хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.

Энэ тухай Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаагаас тодруулахад “45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг концессийн гэрээгээр барихаар судалгаа хийж байна. Одоогийн байдлаар зураг төслөө боловсруулахаар залуу архтекторуудын дунд зургийн уралдаан зарлаад байна. 2020 он гэхэд шинэ цэнгэлдэх барихаар төлөвлөж байна. 45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг барьснаар Үндэсний их баяр наадам, мөн  2020 онд болох Азийн хүүхдийн спортын их наадам, 2023 онд зохиогдох Азийн залуучуудын спортын их наадмыг зохион байгуулах боломжтой болох юм. Мөн манай улсын аялал жуулчлалын салбар илүү хөгжихөд чухал ач холбогдолтой” гэж ярилаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.