Монгол Улсын хэмжээнд орон сууцны зээлтэй 93,880 иргэн байна
2018 оны 7 сарын 27
Монгол Улсын хэмжээнд орон сууцны зээлтэй 93,880 иргэн байна
Монголбанкнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, санхүү, эдийн засгийн сарын статистик үзүүлэлтүүд, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ сард үнийн өсөлттэй холбоотойгоор инфляц өсч, Улаанбаатарт инфляц 7.2 хувьтай, улсын хэмжээнд 8 хувьтай гарчээ. Манай улс ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор 2018 онд банкны салбарт активын чанарын үнэлгээ хийсэн.

Тус шалгалтын дүгнэлтээр арилжааны банкуудад 510 тэрбум орчим төгрөгийн нэмэлт өөрийн хөрөнгө шаардлагатай болохыг тогтоож улмаар энэ 2018 онд багтаан банкуудад дээрх дутагдлаа нөхөх үүргийг өгсөн юм.

Тэгвэл үүний хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас хойш дөрвөн банк нийтдээ 128.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлжээ. Энэ нь дээрх нэмэгдүүлэх шаардлагатай өөрийн хөрөнгийн 25.2 хувийг эзэлж байгаа аж.

Өнгөрсөн сард 82 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ
Мөн улсын хэмжээнд орон сууцны зээлтэй байгаа 93,880 иргэн байгаа талаар мэдээлэв. Тодруулбал, тайлант зургаадугаар сард ипотекийн зээлийн  үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт, зээлдэгчийн тоо 93.880 т хүрчээ. Нийт орон нутгийн ипотекийн зээлийн үлдэгдэл 17.6 хувийг бүрдүүлж байна.

Өнгөрсөн сард 82 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон. Үүний 42 хувь нь хөтөлбөрийн, 58 хувь банкуудын өөрийн хөрөнгийн  эх үүсвэрээр зээл олгосон. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 90.6 хувь буюу 3.9 тэрбум төгрөг 80 мкв хүртэлх талбай бүхий орон сууц худалдан авахад  зарцуулагдсан байна.

Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.БатсайханЭнэ хаврын УИХ-ын чуулганаар Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийн төсөл батлагдан гарсан байгаа. Уг хуулийн төслийн зорилго нь салбарын тогтвортой байдлыг хангахаас гадна эдийн засгийн өсөлтийг хангахад оршиж байгаа юм. Мөн тус хуулиар арилжааны банкнуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд  хувийн секторуудыг дайчлахыг зорьж байгаа. Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар дөрвөн банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх арга хэмжээг авч 128.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр нэмэгдүүлсэн. Оны эцэст гэхэд арилжааны банкууд үлдсэн хөрөнгийн дөрөвний гурвыг нэмэгдүүлэх  шаардлагатай байгаа” гэлээ.

Монголбанкны статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэн “Нийт хадгаламжийн хэмжээ 11.8 их наяд төгрөгт хүрснээс 85 хувийг иргэдийн хадгаламж, 15-ийг байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Иргэдийн хадгаламжийн 19 хувийг, байгууллагын хадгаламжийн 32 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна. Мөнгөний жилийн өсөлт өмнөх сараас 1.7 хувиар буюу 297.6 тэрбум төгрөгөөр өссөн” гэв.

М2 мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь авч үзвэл Төв банк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр активын дүн 18.6 их наяд төгрөг, гадаад цэвэр актив -1.3 их наяд төгрөгтэй тус тус тэнцэж байна. Гадаад цэвэр актив өмнөх сараас 452 тэрбумаар буурсан байна. Үүнд Төв банкны гадаад актив буурсан нь нөлөөлжээ. Дотоод активын 15.4 их наяд төгрөг нь эдийн засагт зээл хэлбэрээр гарчээ.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.