Б.Ганхуяг: 1072 хувьцаа амилах боломж бүрдэж байна
2018 оны 8 сарын 3

-“Эрдэнэс тавантолгой” ХК 2018 оны эхний хагас жилд улсын төсөвт 216.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ- 

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 оны хагас жилийн тайлангаа өнөөдөр танилцуулав. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хагас жилийн тайлан эерэг дүнтэй гарчээ. Тус компани 2018 он гарсаар 6.9 сая тонн нүүрс экспортолж, 953 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ нь 2018 онд олох ёстой нийт борлуулалтын орлогын 78 хувьтай тэнцэж байгаа аж. Үүнээс татвар хураамж байдлаар 216.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Ингэснээр энэ оны эхний хагас жилд 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тайландаа онцоллоо.

Монгол Улсын 2 сая 511 мянган иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмших эрхтэй. Үүнээс 600 мянга гаруй иргэн хувьцаа эзэмших эрхээ баталгаажуулаагүй байна. Иймд өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд иргэдийн хувьцаа эзэмших эрхийг баталгаажуулах ажлыг эрчимжүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2010 онд байгуулагдсан. Энэ найман жилийн хугацаанд компани нийгмийн хүндрэлтэй, эдийн засаг, санхүүгийн хямралтай нүүр тулсан. Ялангуяа нүүрсний үнийн уналттай нүүр тулж ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хүртлээ хүндрэл орж байсныг та бүхэн мэдэж байгаа болов уу. Мөн улс төрчдийн зарим шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компани хүндрэлтэй нөхцөл байдалд орж байсан. Гэрээ, олборлолт зогсож байлаа. Манай компани энэ бүх хүндрэлүүдтэй нүүр тулж ард нь гарсан. Өөрөөр хэлбэл бидний өмнө маш том санхүүгийн боломж ирээдүй байна. “Эрдэнэс Тавантолгой” компани Монгол Улсын гурван сая иргэнийг толгойлсон толгой компани. Бид энэ үүргээ хангалттай биелүүлж байгаа. Үүнийг та бүхэн өнөөдөр танилцуулах гэж буй тоон үзүүлэлтээс харах боломжтой.

“Эрдэнэс-Тавантолгой” компани 2018 он гарсаар 6,9 сая тонн нүүрс экспортолж, 953 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ нь 2018 онд олох ёстой нийт борлуулалтын орлогын 78 хувьтай тэнцэж байна. Үүнээс татвар хураамж байдлаар 216,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Ингэснээр энэ оны эхний хагас жилд 373,3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон.  “ЭрдэнэсТавантолгой” компанийн орлогын гол эх үүсвэр бол нүүрс байдаг. Тэр утгаараа “Чалко Трейдинг Хонгконг” компанитай хэлэлцээр хийж, нүүрсний суурь үнийг 61 ам.доллар байхаар гэрээндээ тусгуулсан. Ингэснээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 61 ам.доллараас доош орсон ч “Чалко Трейдинг Хонгконг” компанид 61 ам.доллараар нүүрсээ нийлүүлэх нөхцөл бүрдсэн байгаа. Харин нүүрсний үнэ 61 ам.доллараас дээш өссөн тохиолдолд тухайн өссөн ханшаар нүүрсээ нийлүүлнэ. Хоёрдугаарт, баруун цанхийн нүүрсний суурь үнийг 70 ам.доллараар тогтоосон. Эдийн засгийн статистик үзүүлэлтээс гадна ажилчдын нийгмийн асуудалд ахиц гарсан Тухайлбал, ажилчдынхаа үндсэн цалинг 21 хувиар өсгөсөн, шөнийн цагийн нэмэгдлийг тав дахин нэмсэн, хөдөлмөр аюулгүй байдлын урамшууллыг 15 хувьд хүргэсэн.

Хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгаа нь төлөвлөгөөгөө 110 хувь биелүүлээд явж байна. Ингэснээр бид өөрсдийн шууд хамаарал бүхий төслүүдийн зохих хэсгийг санхүүжүүлэх боломжтой болж буйгаас гадна 1072 хувьцааг амь оруулах эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Ажилчдын цалин хангамжид анхаарч байгаа. Цалинг энэ оны эхний хагас жилд хоёр удаагийн зохион байгуулалтаар 21 хувиар нэмсэн. Гүйцэтгэх захирал хамгийн өндөр цалин авдаггүй. Би 3.2 сая төгрөг гар дээр авдаг. Миний цалин 12-18-т бичигддэг. Төслийн хувьд хамгийн эхэнд төмөр замын төслийг хэрэгжүүлнэ. Энэ нь зардлыг 20-30 хувь бууруулна. Хоёрдугаарт нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлнэ. Мөн 1072 хувьцаа мэдээллийн төв нээгдсэнээс хойш 393 иргэнд хувьцааны бүртгэийн дансыг нээж өгсөн байна. Нийт манай компанид 2.511.000 хувьцаа эзэмшигч байдаг. Түүнээс 623.000 нь л эрхээ нээлгэсэн байгаа нь хангалтгүй байна. Энэ тоог 800.000-аас нэг саяд хүргэж байж хувьцаа амь орох үндэс болно. Тийм учраас өнөөдрөөс бид хувьцааны эрх нээлгэх аяныг эхлүүлж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 1072 хувьцааг амилна гэхэд “Хэзээ вэ” гэсэн асуултыг тавьж байсан. Тухайн үед манай компанийн зүгээс яагаад тодорхой хугацаа хэлээгүй вэ гэхээр бидэнд сая дурдсан тоон үзүүлэлт байгаагүй” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

“Чалко”-той хийсэн гэрээг ил болгоно гээд байсан. Гэрээг хэзээ ил болгох вэ?

Гэрээ хэдийнэ ил болсон. Монгол, англиар бий. Шаардлагатай бол та бүхэн авч болно.

-“Чалко” компанийн өр юу болсон бэ?

-“Чалко” компанитай хийсэн гэрээ 2010 оноос хойш явж байсан. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед гэрээ байгуулагдаагүй, гэхдээ гэрээтэй холбоотой зөрчил тэр үед гарсан. Эдгээрийг засаад гэрээг сайжруулаад явж байгаа. “Чалко” компани олон улсын зах зээлд гарсан. Энэ нь бид олон улсын зах зээлд гарсан компанитай байнга хамтарч ажиллаж байгаа учраас үнэлгээ өсөхөд тодорхой нөлөө үзүүлдэг юм билээ.

Бид “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлсэн байсан. 2017 онд энэ өрөө төлж дуусгаад одоо үндсэн гэрээ эхлээд явж байгаа. Баруунд зарагдаж байгаа нүүрсний үнээр жишиг тогтоож явж байна. Бид ч ийм шахалт шаардлага үзүүлж байгаа.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нөөцийг шинэчлэн тогтоохоор болсон гэсэн үү?

-Анх Монгол-Оросын геологичид 5.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоосон. Сүүлд өөр аргачлалаар нөөц тогтооход 7.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдсон. Одоо шинэчлэн дахин нөөц тогтоохоор ажиллаж байгаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.