” Монгол улс улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, худал мэдээлэл тараасан”
2018 оны 7 сарын 31

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн өглөө Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хэсэг хүмүүс хулгайлж, авч явсан хачирхалтай хэрэг гарсан. Түүнийг хулгайлах үед Туркийн агаарын хүчний ТТ4010 дугаартай онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, байдлыг улам хурцатгасан билээ. Өнөөдрийг хүртэл  Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал Вейсел Акчайг хэн хулгайлсан хаашаа авч явсан нь ил болоогүй байгаа. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Монголд өрнөсөн энэхүү үйл явдлын талаар Туркийн Гадаад хэргийн яамнаас анх удаа мэдээлэл хийсэн байна. Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хами Аксой хэвлэлийн хурал хийж, “Монгол Улсын газар нутаг дээр хүн хулгайлах оролдлого хийсэн гэх хэрэгт Туркийн Засгийн газар ямар ч хамаагүй. Биднийг энэ явдалтай холбоотой мэтээр бичиж, мэдээлж байгаад үнэхээр харамсч байна.  Энэхүү мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд Туркийн Засгийн газар эрс няцааж байна. Анкара дахь Монгол Улсын элчин сайдтай уулзаад, Турк иргэнийг хулгайлсан гэх хэрэгт  хандаж буй Монголын эрх баригчдын хандлагыг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Мөн Туркийн талаас Монгол Улс Гюлений бүлэгтэй холбоотой улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, худал мэдээлэл тараасан хэмээн. Цаашдаа Монголын эрх баригчид тус улсад үйл ажиллагаа явуулж буй террорист бүлгэмүүдийн эсрэг шаардлагатай арга хэмжээг авна гэж найдаж байна” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: BBCTurkish, AFP

Хариулт үлдээх

Your email address will not be published.