Даншиг наадамд 297 сая төгрөг зарцуулна
2018 оны 8 сарын 1
Даншиг наадамд тэрбум төгрөг зарцуулахгүй, 297 сая төгрөг зарцуулж байгаа гэв
 Шашин, соёлын наадам болох “Хүрээ цам-Даншиг наадам” энэ сарын 4, 5-нд Хүй долоон худагт болно. Наадмын  бэлтгэл ажил хэр хангагдсан байгаа талаар өнөөдөр Гандантэгчилэн хийд болон НЗДТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус наадмыг 2015 оноос НЗДТГ, Гандантэгчилэн хийдтэй хамтран зохион байгуулж ирсэн. Хурлыг зохион байгуулагчид “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны томоохон зорилт бол “Зүүн хойд Азийн аялал жуулчлал бизнес, соёл, санхүүгийн том төв” болох зорилго тавьж байна.  Энэхүү зорилгын хүрээнд өөрийн үндэстний өв соёлыг олон улсад таниулах зорилгын нэг хэлбэр юм” гэж хурал хийсэн албаныхан хэлэв.

НЗДТГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Даншиг наадмын хоёр өдөр Хүй долоон худаг руу нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ. Өчигдрийн байдлаар энэ наадмыг үзэхээр хэчнээн жуулчин ирсэн байгаа талаар тоо судалгааны дүнг өнөөдөр гаргана.

Ерөнхий байдлаар жил ирэх тусам жуулчдын тоо өсөн нэмэгдэж байгаа. Жил бүр 500 мянга орчим жуулчин ирдэг гэсэн мэдээлэл байдаг ч энэ жил илүү нэмэгдсэн гэх мэдээлэл байна.

Гадуур тус наадамд тэрбум гаруй төгрөг зарцуулах гэж байна гэх худал мэдээлэл тархаж байна. Нийт 297 сая  төгрөг зарцуулж, зохион байгуулалт хийнэ. Аялал жуулчлал болон дотоодын иргэдэд зориулсан энэхүү үйл ажиллагаа жил бүр зохион байгуулагдана” гэлээ.

Нэг талаар шашны үйл ч нөгөө талаар аялал жуулчлалыг хөгжүүлэх том боломж 
Харин Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц Хүрээ цам Даншиг наадмын хийгээд гурван жил болж байна. Цамын үйл ажиллагаа бол хүнд хүчир ажил. Цамын бүжгийг халуун зун том баг, зузаан хувцастайгаар бороог шороог ажрахгүйгээр хийдэг учраас тэдний бэлтгэл ажлыг хангах асуудалд нэлээдгүй цаг хугацаа шаардагддаг ажил юм.
Цамд гардаг хүмүүс буян их хураадаг гэдгийг хууччуул хэлдэг байсан.

Энэ утгаараа цамчид үнэхээрийн урт удаан настай хүмүүс байдгийн жишээгээр н.Сэрээтэр гуай 100 насалсан. Цамын хурал тав хоног үргэлжилнэ. Түүнээс өмнө долоон өдрийн бясалгал болдог. Үүнийг хөдөө хээр буюу үймээн самуунгүй газар  хийгээд “ваан авшиг” авдаг.

Цам нь хоёр янз бий. Нэг нь шашны чиглэл буюу хүмүүсийн сайн сайхны төлөө уншдаг уншлага юм. Нөгөө талаар хотын захиргаа энэ үйл явдалд оролцож байгаа нь жуулчидтай холбоотой.

Монгол оронд зочлон ирсэн жуулчдад үзүүлж сонирхуулах ач холбогдолтой. Цамыг гадаад дотоодын жуулчид их ирж үздэг болсон. Тухайлбал, Японоос 100 гаруй жуулчин үзэж сонирхохоор захиалга өгчихөөд байгаа. Энэ нь нэг талаар шашны том зан үйл боловч, нөгөө талаар аялал жуулчлалыг хөгжүүлэх том боломж юм” гэв.

Хариулт үлдээх

Your email address will not be published.