Нэг сая ам.доллар чамласан “Хөлсний ажилчин”
2018 оны 8 сарын 2

Нэгэнтээ дуулиан дэгдээж, өдгөө ч цуурай нь алсраагүй байгаа “60 тэрбум”-ын бичлэгийг бодит, бодит бус нь надад тэгтлээ сонин санагдахгүй байна. Тийм ч биз, үгүй ч биз. Тэр битгий хэл зүйлийг илбэ зэргэлээ шиг алга болгож чаддаг өндөр дээдэстэй улсын иргэн болохоор гайхах юм алга.

Гагцхүү Г.Доржзодов ямар учраас тэднийг тагнаж чагнах замаар бичлэг хийв гэдэг нь илүү сонирхол татна. “Сайн эр”-ийн цацсан бичлэгийг эвлүүлэг, эвлүүлэг биш гэж маргаад хоёр жилийн нүүр үзэхэд нэг нь ч “хэний захиалга вэ”, “ямар учраас” гэж асуусангүй.

Бод доо, Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж асан Ц.Сандуй, Иргэдийн хурлын төлөөлөгч А.Ганбаатар нарын хамсаатнаар Стратеги хариуцсан захирал албан тушаалд томилогдож, улмаар тэдэнд “Хөлсний ажилтан”-аар үйлчилж байсан Г.Доржзодов шүү дээ. Эрх баригч намын даргаар ажиллаж байсан, өдгөөгийн УИХ-ын дарга М.Энхболдын багийн хүн гэсэн үг. Тодотгох юм бол тэдний хамсаатан “гүн итгэлт” нөхөр нь гэж болно. Түүнээс бус захын нэг нөхрийг стратеги хариуцсан захирлын албанд томилж, давхар “Хөлсний ажилтан”-аар ажиллуулахгүй шүү дээ. Стратеги гэдэг бол аливаа улс орны хэтийн төлөвлөлт, дайн байлдааны цагт стратеги гэдэг бол нууцын нууцын зэрэглэлд байдаг зүйл. Улс төрийн намуудын хувьд сонгууль бол нэг ёсны дайн.

Тэгэхээр “Гүн итгэлт” нөхөр маань хэрхэн “Сайн эр” болсон байх уу. Хамгийн энгийнээр авч үзвэл тэрбээр хөлсөө чамласан байж болох юм. Яагаад гэвэл манай улс төрийн намууд төдийгүй хувийн хэвшлийнхэн ч болж өгвөл үнэгүй, хямд зарах гэдэг шүү дээ. Эсвэл тухайн үеийн МАН-ын удирдлагууд Г.Доржзодовт амласан албан тушаалаа өгөөгүй байх өндөр магадлалтай. Насаараа албан тушаал горьдсоор яваад тэтгэвэртээ суусан нөхөд алийг тэр гэхэв. 2016 оны сонгуульд ажил амлуулсан нөхөр өдгөө гудамжинд лааз өшиглөөд алхаж л байна. Магадгүй, өрсөлдөгч намаас ихээхэн хэмжээний мөнгөний амлагаанд “өвдөглөсөн” гэх гурван хариултаас өөр хариулт үл олдоно. Тэдний аль аль нь өөрсөддөө хэрэгтэй зүйлийг ямар ч үнээр хамаагүй худалдаж аваад сурчихсан гэдгийг мартах хэрэггүй. Түүнээс нэг сая ам.доллар амлаж байхад толгой сэгсрээд сууж байх “Хөлсний ажилтан” энэ Монгол Улсад байна уу. “Энкато” гэх саунд суугаад нэг сая ам.доллар өгье өө гэхэд толгой сэгсрээд гараад ирлээ гэж “Сайн эр” маань өөрөө хэлсэн шүү дээ.

Үүнд итгэх ямар ч арга алга, нөхцөл боломж ч алга. Итгэхээр нийгэмд ч бид амьдраагүй, итгэхээр өндөр дээдэстэй ч биш. Ам.долларынх нь ханш 2400 төгрөг давсан байхад 196 мянган төгрөгийн цалин авдаг улс шүү дээ. Гадаад өрийн хэмжээ нь 24 тэрбум ам.доллар давчихсан, бүгд банкны зээл, линзингийн өртэй ийм улс орны нэг “Хөлсний ажилчин” нэг сая ам.доллараас зугтаад явах уу. Тэгэхээр “Сайн эр” маань нэг сая ам.доллараас давсан өртөг эсрэг талаас авсан байх магадлал бий.

Өнгөрөгч 2016 оны сонгуулийн үеэр нэг талаас томоохон хамгаалалт, нөгөө талаас томоохон дүнтэй мөнгөн амлалт гээд жинхэнэ умбаж байсан Г.Доржзодовын сураг тэр цагаас хойш сураг тасарсан ч гэнэт МАН-ын Ёс зүйн хороонд гомдол гаргаснаар ил болж байна. Сонгуулийн үеэр нэг хэсэг нь “улстөрчдийн булхайг дэлгэсэн сайн эр, ёстой шударга залуу” хэмээж байсан бол нөгөө хэсэг нь “ханилж яваад нөхрөө хатирч яваад морио гэдэгсэн, мөн ч тааруу нөхөр” гэх шүүмжлэлд ч өртөөд авсан. Аль аль нь биш л дээ.

Тэр зүгээр л амьдрах гэж яваа “Сайн эр”, яадгийм.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Хариулт үлдээх

Your email address will not be published.