АТГ-ын хариултад хэн ч үнэмшихгүй байгаа нь л асуудал юм
2018 оны 8 сарын 6

МАН-ын эрх барих бүрэн эрхийн хугацаа талдаа оров. Дараагийн сонгуулийн хожил харсан манипуляци эхэлж, эрх баригчид өөрсдөө болон сөрөг хүчин идэвхждэг үе рүүгээ “тоглоом” орж байна гэсэн үг.

Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн бодлогын нөлөөг хэмжиж, хэлэлцэж, ихэнхдээ харлуулах, эсвэл огт хийхгүй байгаа орхигдуулсан ажил, амлалтыг нь сануулах байдлаар эрчимждэг энэ үе 60 тэрбумын асуудлаар эхэлж буйд гайхах юмгүй. Энэ асуудал зүгээр нэг сонгуулийн сэдэв байгаагүй, үүнд МАН ямар нэг хариулт өгөхгүйгээр, магадгүй хэн нэг нь хариуцлага хүлээхгүйгээр цааш явахгүй юм байна гэдгийг өнгөрсөн хоёр жил хангалттай ойлгуулсан байх. Харин ч нам дотроосоо өөрсдөө түрүүлж энэ асуудлаа сөхсөн нь бараг аз биз ээ.

Уг нь 60 тэрбумын асуудалд тухайн үеийн МАН-ын удирдлагууд болон үйл явдлын оролцогчид, тэрчлэн АТГ “хариу” өгсөн юм аа. Гэхдээ тэдгээр хариултуудад хэн ч үнэмшээгүйд л асуудал оршиж байгаа хэрэг.

Хуулийн нэг байгууллага шалгаад “худлаа байна аа” гээд хэлчихээр бүх зүйл худлаа болчихгүйг олон нийт гадарлахтайгаа болжээ. Энэ сэдвийг тэд хоёр жил хаяхгүй хариулт нэхэж байгаа нь УИХ-д МАН-аас сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ нарт “улстөр хийх” шалтаг болсонд ч гайхахгүй. Энэ нь намынхаа төлөө юу, намынхаа эсрэг үү гэдгийг аль өнцгөөс харж, хэзээ хариултыг хэлэхээс шалтгаалах байх. Хэн нэгэнд, эсвэл ямар нэг зүйлд сайн байна гэдэг нь дандаа сайн байхыг хэлдэггүй. МАН алдсан. Тэр алдаагаа залруулахгүй бол хөгшин, залуугүй хамтдаа завинаасаа хөмрөх аюул харагдаад байхад түрүүлж дохио өгснийгөө дуугүй болгочиход л асуудал дуусна гэвэл андуурал.

МАН алдсан. Энд 60 тэрбумын яриатай бичлэгийг гадагш алдсаныг хэлээгүй. Харин тэр яриа нийтэд задарсны дараа ч МАН үүнийг төдийлөн хэрэгсэхгүй эрдэж ирсэн нь алдаа байжээ. Тэр ярианд оролцсон гэх удирдлагуудаа дээшээ залж, дахиад дараагийн сонгуульд нь намын даргаа дэвшүүлэн өргөмжилсөн нь ингэж харахад хүргэж байна. Хэрэв одоодахиад АТГ, прокурорын “асуудалгүй” гэх хариултад найдаад хэрэгсэхгүй хаявал тэмээн хяруул аюул тулгарахад зөвхөн толгойгоо нуудаг шиг гэнэн хэрэг болох байх.

Нэгэнт хэнд ч үнэмшил төрүүлэхгүй байгаа АТГ-ын хариултаар дахиад нүүрээ тахлаад өнгөрөх аргагүй хатуу нэхэл 60 тэрбумын араас МАН-ыг элдэж байгааг өөрсдөө эрхбиш мэдэрч байгаа болов уу.

МАН төрийн бодлогыг хэрэгжүүлэгч эрх баригч хүчин. Онолын хувьд төрийн бодлого гэдэгт хийж хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхгүй байхаар шийдсэн аливаа үйл ажиллагааг багтаан авч үздэг. МАН-ын үнэмлэхүй олонх бүхий парламент 60 тэрбумын асуудалдаа хариулт өгөхгүй, хариуцлага хүлээхгүй байхаар шийдээд байгааг иргэд мөн л бодлого гэж хүлээн авч буй учраас л энэ сэдэв цаашид ч өндөр авах нь тодорхой юм. Тэгэхээр асуудал ганц Л.Оюун-Эрдэнэдээ ч байгаа юм шиг. Түүний тавиад байгаа нээлттэй сонсгол явуулж, ямар нэг хариулт өгөх нь зүйтэй гэдэг шаардлага үнэнд гүйцэгдсэн хэний ч хэлэх үг, хийх үйлдэл.

УИХ-аас томилогдож, тэнд ажлаа тайлагнадаг байгууллагын хувьд АТГ 60 тэрбумын бичлэгт бараг “хариуцагч” болох МАН-ын экс дарга, УИХ-ын спикер М.Энхболдын асуудлыг шийдвэрлэх нь эрх ашгийн зөрчилтэй гэх хардлага үндэслэлтэй ч шиг энэ удаад МАН-ын олонх бүхий парламент уг сэдвээр нээлттэй сонсгол явуулах нь мөн л зөрчилтэй гэцгээж байгаа нь ч ортой. Гэхдээ өвчнийг “нууж” эмчилдэггүй.

МАН-ын тухайн үеийн удирдлагууд төрийн албаны дээд, дунд албан тушаалыг урьдчилаад худалдах замаар сонгуулийн зардал босгох тухай яриаг хурал дээрээ сонсоод сууж байжээ. Гэхдээ хэрэгжүүлээгүй. (Магадгүй бүр энэ тухай ярьсан Доржзодовыг хөөгөөд гаргасан байхыг үгүйсгэхгүй) АТГ-ын хэргийг шалгаад тогтоосон энэ үнэнийг тэгвэл нээлттэй сонсгол хийгээд нийтэд баталгаажуулж өгөх хэрэгтэй. Нээлттэй сонсголоос татгалзаад нүд, чихийг нэг удаад таглаад өнгөрлөө ч хийгээгүй, хэрэгжүүлээгүй үйлдэл бүхэн чинь бодлого. Бодлого бүртээ эрх баригч хариуцлага хүлээх л болно.

Үнэндээ бол 60 тэрбумын асуудал үнэн худал гэдэгт хариулт өгөх ганц этгээд нь АТГ ч биш. Улс төрийн намын санхүүд сонгуулийн өмнөх жилийн нэг бүтэн жилд шалгалт хийх, иргэд, байгууллагаас өгсөн хандивын тайланг нь үзэх, сонгуулийн зардлыг хянах, тэрчлэн олон нийтэд зарим зүйлийг ил зарлах эрх үүрэг нь Аудитын ерөнхий газарт бий. Төрийн аудитын тухай хуульд Үндэсний аудитын газрын бүрэн эрхийг заахдаа 15.1.16-д “УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн өмнөх нэг жилийн хугацаанд тухайн сонгуульд оролцох улс төрийн нам, сонгуулийн эвсэлд нэгдэн орсон намуудад иргэд, хуулийн этгээдээс өгсөн хандивын тайланг хянан баталгаажуулах” гэж заажээ. Түүнчлэн улстөрийн нам, эвсэл сонгуулийн зардлын дансаа Сонгуулийн төв байгууллага болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, төрийн аудитын дээд байгууллагад хуулийн дагуу мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй.

Төрийн аудитын байгууллага “нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан хандив, санхүүжилт болон зарцуулалтад дангаараа болон төрийн бусад байгууллагатай хамтран хяналт тавих” “нам, эвсэл, нэр дэвшигчээс холбоотой мэдээлэл авах”, сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх, “төрийн болон бусад байгууллага, албан тушаалтан, иргэдээс сонгуулийн санхүүжилттэй холбоотой баримт бичгийг гаргуулан авах” зэрэг эрхтэй. Хамгийн онцлууштай нь “Төрийн аудитын байгууллага зардлын тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана” гэсэн хуулийн заалт бий. Ер нь зарласан бил үү?!

Тэгэхээр АТГ бүхнийг мэддэг юм бас биш. Улс төрийн намын сонгуулийн өмнөх жилийн санхүүгийн тайланг хянасан эрх бүхий байгууллага ажлаа тайлагнаж, МАН-ын хандив нь хэд байсан юм бэ, тэр тусмаа хэн хэн хандив өгсөн юм бэ, сонгуулийн зардал нь хандиваас гадуур далд эх үүсвэрээс бүрдсэн юм уу, үгүй юм уу гэдгийг мэдээлэх үүрэгтэй. Төрийг мөнгөөр үнэлэн зарсан гэх энэ том хардлагад хариу өгөх, иргэд өөрсдийн сонголтоор байгуулсан төрдөө итгэж үнэмшиж болох эсэхийг шийдэхэд Сонгуулийн ерөнхий хороо, Татварын ерөнхий газар, Аудитын ерөнхий газар зэрэг байгууллагууд мэдээллээ хуваалцаж туслах ёстой юм биш үү. Ер нь олон нийтийн дунд үүссэн мэдээллийн тэгш бус байдал, ойлголтын зөрүүн дээр нийгмийг хамарсан хурц маргаан дэгдэхэд мэдээллээр хангах үүрэгтэй төрийн байгууллагууд бүлх залгисан шиг дуугүй суудгаа болимоор байна. Уг нь энэ байдлыг өөрчлөхийн тулд Нийтийн сонсголын тухай хуулийг батлан гаргасан юм шүү дээ. Төрийн албан тушаалтнууд, шат, шатны байгууллагууд шаардлагатай үед холбогдох асуудлаар хамаарах мэдээллээ нийтэд өгч байх үүргийг хуульчилсан хэрэг. Яг одоо бол тийм нээлттэй хэлэлцүүлэг, мэдээлэл шаардсан сэдэв нь 60 тэрбум. Хэчнээн зугтлаа ч үүнд бодитой, үнэмшилтэй хариулт олох бололцоог иргэдэд өгөхгүйгээр МАН-д дараагийн сонгууль, ялалт гэж үгүй л болов уу.

З.Боргилмаа /baabar.mn/

Хариулт үлдээх

Your email address will not be published.