Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо
2018 оны 8 сарын 9

УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг шүүх хурад өнөөдөр /2018.08.08/ 09.40 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн талаар бид мэдээлсэн.

Д.Муратыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох ‘Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах’ гэсэн заалтаар хэрэг үүсгэн шалгасан бөгөөд энэ нь 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах шийтгэлтэй.

Тэгвэл анхан шатны шүүхээс Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл түүнийг гэм буруугүй гэж үзсэн хэрэг. Үүнд:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, Мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М. Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, Хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлсэн байна.

Харин хохирогч Д.Бахытгүл энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд дараагийн шатны шүүхэд давж заалдана гэжээ.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.