Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар ҮХЦ-д өгнө
2018 оны 8 сарын 9

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Төрийн ордонд мэдэгдэл хийлээ. Тэрбээр 60 тэрбумын хэргээр ээлжит бус чуулган хуралдуулж, холбоотой хүмүүст хариуцлага тооцуулахыг хүссэн ч чуулган хуралдахгүй гэсэн юм. Мөн нам дотроо хагаралдсан түүнийг УИХ-ын даргатай эвлэрч, нөхөн сонгуульдаа оролцохыг ятгасан гэх. Тэгвэл үүнийг эсэргүүцжээ.

Тэрбээр “Миний хувьд ардчилсан тогтолцоо битгий хэл, автиратор буюу дарангуйллын засаглалд тавигддаг энгийн ёс зүй, улс төрийн наад захын хариуцлага, товчхондоо үнэнээ хүлээх тухай асуудлыг хөндсөн. Гэвч үнэнээ хэлэлгүй мэлзэж байгаа нь бус, үнэнийг хайсан хүн нь буруутан болох тал руугаа орж байна. Үүнийг өнгөрсөн хугацааны үйл явдлууд бэлээхэн харуулсан гэж бодож байна.

Хувь хүн мэлзэж болно оо. Тэр бол тухайн хүний ухамсар, ёс зүйн асуудал. Харин Монголын төр дагаж мэлзэж болохгүй. Хэрвээ Монголын төр дагаж мэлзвэл энэ өөрөө тогтолцооны асуудал болж хувирна. Өнгөрсөн хугацаанд нийт 17 төрийн болон намын эрх бүхий байгууллагад бичгээр болон биечлэн хандаж, “60 тэрбум”-тай холбоотой асуудлаар тайлбар авлаа.

Эрх мэдэлтэнд манай төр засаг хэрхэн ялгавартайгаар хандаж чаддагийг өөрийн биеэр өнгөрсөн хугацаанд мэдэрсэн. М.Энхболд гэдэг улс төрч 2014 оны наймдугаар сарын 28-нд 40 минутын, 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр 90 минутын “60 тэрбум”-ын гэх ярианд огт оролцоогүй гэж мэлзсэнийг Авилгатай тэмцэх газрын Х.Энхжаргал тэргүүтэй хүмүүс эвлүүлэг болгох гэж бараг “Гиннесийн ном”-д бүртгэгдэхээр хуулийн үндэслэл зохиож ажиллажээ.

Монгол Улсын Нийтийн сонсголын хуулийн дагуу Улсын их хурлын 19 гишүүн энэ асуудлыг өргөн барьсан ч Хууль зүйн байнгын хороо өнөөдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар мэлзсээр байна. Улсын их хурлын 26 гишүүн “60 тэрбум”-ын асуудлаар ээлжит бус чуулган зарлахаар өргөн барьсан ч ирц бүрдэхгүй байна гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл мэлзэж байна. Чуулган зарлаад түүний дараа Их хурлын гишүүд ирэх үүрэгтэй болохоос биш эхэлж ирцийг бүрдүүлээд, дараа нь ээлжит бус чуулган зарлана гэдэг ийм соёл дэлхийн аль ч парламентад байхгүй.

Намын Бага хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн нийгмийн хүлээлт байсан боловч хэлэлцэх асуудалд ороогүй гэдэг шалтгаанаар Бага хурал дээр энэ асуудлыг хэлэлцсэнгүй. Хариуцлагын талаар томоохон алхам хийнэ гэж мэдэгдэж гарч ирсэн зарим эрх мэдэлтнүүд найранд бялуурч, найраанд мансуурч аргацааж өнгөрөөдөг өнгөрсөн 25 жилийнхээ арчаагүй аргыг даган мэлзлээ.

Өнөөдөр бид УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд өгөхөөс өөр аргагүй байдалд ороод байна. Бүх хууль хяналтын байгууллага дээр эрх зүйт төрийн хувьд ёс зүйн өндөрлөг болсон Үндсэн хуулийн цэцийн байгууллага илэрхий Улсын их хурлын гишүүдийн бүрэн эрхийг зөрчсөн энэ асуудлыг Үндсэн хуулийн асуудал гэж харах уу, аль эсвэл томилогдсон албан тушаалаа хамгаалах уу гэдгийг хамтдаа харцгаая.

Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р зүйлд зааснаар Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх бөгөөд Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллага төлөөлөгчдийн давалгааг дамжуулан, энэхүү эрхээ эдэлдэг гэж заасан байдаг. Гэтэл хамгийн сүүлийн судалгаагаар ард иргэдийн 97 хувь нь Монгол Улсад шударга ёс алдагдсан гэж үзэж байна. Тийм ч учраас сонгогдсон ард түмний элчийн хувьд цаашид ийм нөхцөл байдалтай эвлэрээд явах ямар ч боломжгүй гэж үзэж байгаа юм.

Миний хувьд ямар нэгэн байдлаар сэтгэл хөдлөлтэй тийм хүн огт биш ээ. Бусдаас ялгарах зүрх зоригтон ч биш. Нам дотроо тэмцэл өрнүүлээд байгаа ч юм алга. Хэн нэгэнтэй албаар муудалцах зорилго надад байхгүй. Зүгээр гэрчтэй, тодорхой бичлэгийг эвлүүлэг гээд хаагаад өнгөрчихвөл цаашид гэрчгүй, бичлэггүй атлаа улсад онц их хэмжээний хохирол учруулж, нийтийн эрх ашгийг хохироосон бусад хэргүүдийг хэрхэн шийдэж шударга ёсыг тогтоох талаар дотоод ертөнцөд маань эргэлзээ үүссэн учраас үүнийг удаа дараалан илэрхийлээд байгаа юм.

УИХ-ын дарга М.Энхболдоос дараах гурван зүйлийг 2018 оны наймдугаар сарын 20-ноос өмнө биелүүлэхийг шаардаж байна.

Монголын ард түмэн МАН-ын нийт гишүүн дэмжигчдээсээ хэвлэл мэдээллээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.

Өөрийн хүсэлтээрээ хууль хяналтын холбогдох байгууллагуудад хандаж, энэ хэргийг дахин сэргээж, нягтлуулах олон нийтийн оролцоотойгоор энэ хэргийг дахин мухарлаж олон нийтийн эргэлзээг тайлах. Тэр дундаа Авлигатай тэмцэх газрын дүгнэлт дотор байгаа дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэдэг утга учиргүй дүгнэлтүүдийг дахин нягтлах хэрэгтэй.
Ээлжит бус чуулганыг шалтаг тоочиж УИХ-ын гишүүдийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдахаа зогсоож, нэн даруй зарлан хуралдах энэ гурван шаардлагыг биелүүлэхийг шаардаж байна.

Хэрэв дурдсан хугацаанд Төрийн ордон дотор энэ асуудал шийдэгдэхгүй бол олон нийтийн дэмжлэгийг хүсч шат дараалсан тэмцлийн өөр хэлбэрт шилжихээс өөр аргагүй болсон гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Тэмцлийн дараагийн хэлбэр нь орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн зарлах юм. Хэрэв энэ хөдөлгөөн үр дүнд хүрэхгүй бол эсэргүүцлийн жагсаал хийнэ” гэлээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.