Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхээс урважээ
2018 оны 8 сарын 10

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд шургалсан луйварчдыг “илрүүлэх” ажиллагааг тун амжилттай зохион байгуулж буй. Өмнө нь У.Хүрэлсүх, М.Энхболд гэх мэт томчуудын араас дагасан шиг явж олны нүдэнд харагддаг байсан залуу хүү өнөөдөр төрийг тэр чигээр нь самарна гэчихсэн улайрч байх нь хачирхалтай.
Тэрбээр энэ үйлдлээ монголчуудын сайн сайхны төлөө гэж байгаа ч нидэр дээрээ арай л өөр үнэр ханхлуулаад байгаа нь нууц биш. Юу гэвэл, хэдхэн хоногийн өмнө МАН-ын Бага хурал болсон ба энэ үеэр намын эв нэгдлийг онцгойлон хэлэлцэж, гол зорилгоо болгосон гэдгийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн.
Түүний хувьд нэгэн цагт МАН доторх хэрүүлийн галыг өрдөж дүрэлзүүлсэн ч өнөөдөр өөрөө тэр галдаа хуйхлагдаж мэднэ гэдгээ ухаарсан нь илэрхий. Тиймээс байдал бүр дордохоос өмнө энэ хэрүүл тэмцлийг зогсоож, намын бус төрийн асуудалд нухацтай хандаж, эхэлсэн ажлуудаа дуусгах ёстой хэмээн Бага хурлыг зохион байгуулсан билээ. У.Хүрэлсүхийн энэ санаачлагыг МАН-ын нийт гишүүд талархан хүлээн авсан.
Гэтэл түүнийг хамгийн ихээр дэмжиж, тулах учиртай нутгийн дүү Л.Оюун-Эрдэнэ л ганцаар тас эсрэгээр ажиллаж, ахан дүүсийн барилдлага, өөр бусад хэлхээ холбоос юу ч биш болсон гэдгийг үг үйлдэл бүрээрээ батлан харуулж байна. Тэр ч байтугай МАН дотроос УИХ-ын дарга М.Энхболдын эсрэг ажиллагаанд нэгдэх хүн олдохгүй, намын эв нэгдлээ сахин хамгаалаад эхэлмэгц АН-ын дэмжлэгтэйгээр суртал ухуулгаа үргэлжлүүлэх болов.
Сураг сонсох нь У.Хүрэлсүхийн зүгээс нутгийн дүүгийнхээ эл үйлдлийг зэмлэн буруутгахад өөдөөс нь даналзаж, мэхээ гүйцээнэ хэмээн давшилсан бололтой. Тэгвэл учир мэдэх хүмүүсийн дүгнэлтээр, Л.Оюун-Эрдэнийн энэ тэмцэл эхэндээ шударга журмын шинжтэй байсан ч яван явсаар нэлээд эртнээс төлөвлөж, дээрээс чиглүүлсэн, улстөрийн бохир зорилго бүхий ажиллагаа болон хувирч байгаа аж.
Нэг хэсэг сонин хэвлэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нутгийнхаа дүүг турхирч ийм хэрэг өдөөж байна хэмээн шуугиж байсан ч бодит байдал тэс өөр гэдэг нь тодорхой болчихлоо. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ 2017 оны сонгуулиар АН-ын талд ажилласан шигээ өнөө хэр нь тэр зүгээс илгээсэн удирдамжийн дагуу хөдөлж байна хэмээн хардаж болох нь ээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.