Хууль дүрэм үйлчилдэггүй “Хурд” группт хариуцлага тооцох уу
2018 оны 8 сарын 12

Хоёр хоногийн өмнө  “Хурд” группын барилга дээр осол гарч нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал,  ХУД-11 хороо ”Хүннү хорооллын Хурд группын барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн дуудлага  Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өдрийн  19:22-д дуудлага мэдээлэл ирсэн байна. Тус дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шалгахад Хурд группын барилгын туслах ажилтан СХД-11  хороонд оршин суух хаягтай “У” /эр.17н/-нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдон шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор хэргийн газар холбогдох албаныхан үзлэг шалгалт хийж ажиллаж байгаа юм байна. Хичээл ороход хэдхэн хоног дутуу байхад насанд хүрээгүй нэгэн сурагч харамсалтайгаар амиа алдлаа. Яагаад насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хэрхэн хангасан гээд тус компанитай холбоотой олон эргэлзээтэй асуулт хариултаа нэхэж байна. Тус компанийн хариуцлагагүй үйлдэлээс болж нэг бус хүн амь насаа харамсалтайгаар амь насаа алдсан байдаг. Тодруулбал, 2015 оны 11 дүгээр сард  Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 хороонд байрлах “Хурд” хороололын гурван давхараас мөн л хүн унаж нас барсан хэрэг гарсан. Тус компанийн барилгаас сүүлийн хоёр жилийн хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын улмаас 5 хүн унаж амиа алдсан байдаг. Тус компанитай холбоотой таагүй мэдээлэл гарахаар компанийн удирдлагууд хариуцлагаас мултарч  туслан гүйцэтгэгч компани руу чихээд л өнгөрдөг нь нууц биш ээ.

“Хурд групп” ХХК нь хэзээнээс нааш хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүй, чанаргүй барилга барьдаг хэмээн олон нийт шүүмжилдэг.  Тус  групп байршил сайтай газар бүрт орон сууцны томоохон хорооллуудыг барьж давуу эрхтэй үйл ажиллагаа явуулж  ирсэн нь нууц биш.  Тус группыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийнх хэмээн ярьдаг бөгөөд нэртэй нөлөөтэй хүний компани гэхээрээ хариуцлага тооцдоггүй байж болох уу.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн ХОМ-оос харахад  “Хурд” групп, “Хурд-Хүнс”, “АпартментКейЭйч”, “Хурд ложистик”, “Хурд-Автомотив”, “Хурд-Интернэшнл” Хурд-Авто”, “Хаусинвест”, “Талын шонхор”, “Саудгобикоэлтранс”, “Саудгобиблейкгоул” зэрэг арваад компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг түүний компанийн барьсан   барилга дээр осол гарч хүний амь үрэгдсэн харамсалтай явдлууд ч цөөнгүй гарсан ч эрхэм гишүүн  хариуцлага хүлээдэггүй. Эрх мэдэл, мөнгө хөрөнгөтэй хүний өмнө хүчин мөхөсдөөд байлгүй хүний амиар наадаад байгаа “Хурд” группт хариуцлага тооцох хэрэгтэй байна. Мөнгөтэй хүнд хууль дүрэм үйлчлэх үү гэдгийг харах л үлдлээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.