У.Хүрэлсүхийн арав дахь сар
2018 оны 8 сарын 23

Нийтлэлч Сэмүүний нийтлэлийг хүргэж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлж, сайд нар тамгаа гардаж аван Засгийн газрын анхны хуралдааныг зарлан хуралдуулснаас хойш яг арван сар өнгөрчээ. Одоогоос арван сарын өмнө (2017 оны аравдугаар сарын 20-нд) Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана” гэж хэлсэн билээ.

Гэвч түүний танхим арван сар ажилласны эцэст танхимынхаа нэг сайдыг чөлөөлснөөс өөрөөр улс төрийн хүрээнд огцом өөрчлөлт гарсангүй. Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидаж, нэг нь нөгөөгийнхөө аминд хүрснийг эс тооцвол шүү дээ. Харин үлдсэн хугацаанд нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцроход хүргэсэн “60 тэрбумын” асуудлыг үе үехэн сэвсэнээс өөрийг хийлгүй өдий хүрэв. Бодит үр дүн нь энэ, бүхэл бүтэн хүний амь.

Батлагдаагүй ч гэсэн болсон явдлын талаар яригдаж байгаа ганц зүйл нь салбарын сайд асан (Ж.Бат-Эрдэнэ) хэрэг гарсан тэр орой талийгаачийг “ажлаа өг” хэмээн шахсан гэх. Нэг нь Ж.Эрдэнбатын үед томилогдсон, нөгөө нь Ж.Бат-Эрдэнийн томилсон хүн юм гэнэ. Арав гаруй жилийн өмнө ч МАН-ын залуучууд ажил, албан тушаалаас болоод бие биенээ алж байсан удаатай. Тэр цаг үеэс хойш өөрчлөгдсөн юм нэгээхэн ч алга. Албан тушаал, амин хувийн ашиг сонирхлын төлөө хүний амь бүрэлгэх юу ч биш. Айж эмээх, ичиж нэрэлхэх гэдэг мэдрэмж ой ухаанд нь огт байхгүй.

Хэд хоногийн өмнөөс цахим орчинд “Энэ сарын 20-ны өдөр М.Энхболд дарга ард түмнээсээ уучлал гуйна” гэсэн мэдээлэл тархсан. Уучлал гуйгаад албан тушаалаа өгвөл сайн л хэрэг. Харин “Уучлаарай” гэсний тоогоор уучилж болдог зүйл, уучилж болдоггүй зүйл гэж бий. Соёлтой оронд бол уучлал гуйсан хүн ажлаа өгдөг юм билээ. Хариуцлагыг тэгж хүлээдэг. Харин манайд бол улам л цаашаа ахих янзтай.

Арван сарын өмнө энэ хүн намын дарга, Ерөнхий сайд болоод “Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана” гэсэн. Харин өнөөдөр түүний байгуулсан Засгийн газар, томилсон албан тушаалтнуудын хүн чанар, ёс суртахуун хүний амиар хэмжигдэж эхэллээ. Алим модноосоо хол унадаггүй гэж үнэн аж. Ардын нам ардын намаараа л байна. Авилгачинтайгаа ч, алуурчинтайгаа ч нэг дээвэрт.

2006 онд У.Хүрэлсүхийг МАХН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч байхад намынх нь залуус нэгнийхээ аминд хүрч байсан. Өнөөдөр намын дарга, Ерөнхий сайд болсных нь дараа албатууд нь дахиад бие биенээ нухаад эхэллээ. У.Хүрэлсүх гэдэг хүн үнэхээр л “улаан” өнгөнд дуртай бололтой…

inews.mn 2018.08.20

Хариулт үлдээх

Your email address will not be published.