Банкууд зээлийн хүүгээ 2.2 хувиар буулгаж, иргэдээс авах шимтгэл, хураамжийн хэмжээг багасгажээ
2018 оны 8 сарын 30

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ удаад хадгаламж, зээлийн хүүд гарсан өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар мэдээлэл хийлээ. 

Банкуудын зээлийн хүү бодох аргачлал, шимтгэл, хураамж авах шинэчилсэн журам батлагджээ 

Монголбанкнаас банкны хүү бодох аргачлал, хүү, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Төв банкны хуулийн 5.7-д банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тухай үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд шинэ заалт орсон байдаг. Уг заалтад банкны хүү бодох аргачлал, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмыг өнгөрсөн долдугаар сарын 23-ны өдөр шинэчлэн баталж, мөрдүүлж эхлээд байгаа аж. Тус журамд орсон гол өөрчлөлт нь банкууд зээлийн хүүг сараар зарладаг байсныг жилээр зарладаг болгох, банкууд хүү шимтгэлийн хэмжээндээ өөрчлөлт оруулах, бүртээ цахим хуудсандаа мэдээлдэг байх, 100 сая ба түүнээс доош дүнтэй зээл олгохдоо нийт зээлийн дүн, зээлийн хүү, шимтгэлд хэдэн төгрөг төлөх бодит өртгийн хэмжээний талаар үйлчлүүлэгчид тодорхой танилцуулах, зээлийн гэрээний үсгийг 9-өөс багагүй буюу иргэд олон нийтэд уншигдахуйц хэмжээтэй байлгах, зээлийн хүүг урьдчилан суутгаж авахыг хориглох, банкууд иргэдийн санал гомдлыг шийдвэрлэх бүтэцтэй байх гэх мэт санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах нэмэлт өөрчлөлт орсон байна.

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очирын танилцуулснаар, 

Иргэдийн хадгаламжийн хүү 1.8 хувиар буурчээ

Сар тутам 300 орчим тэрбум төгрөгийн хадгаламж иргэдээс татан төвлөрүүлдэг байна. Энэ оны эхэнд хадгаламжийн хүү 13 хувь байсан бол долдугаар сарын байдлаар 11.2 хувь болж, хадгаламжийн хүү дунджаар 1.8  хувиар буурчээ. Нийт хадгаламжийн үлдэгдэл нь 8 их наяд төгрөг байгаа аж. Хадгаламжийн жигнэсэн дундаж хүү нь 12.3 хувь байгаа юм байна.

Хувийн байгууллагууд 572 тэрбум төгрөгийн хадгаламж байршуулжээ  

Хувийн байгууллагууд буюу компани, бизнесийн байгууллагуудын шинээр банканд байршуулж байгаа хадгаламж харьцангуй бага дүнтэй байдаг аж. Учир нь бизнесийн онцлогоос хамаарч, хадгаламжаас илүүтэй харилцах дансан дээрээ санхүүгийн эх үүсвэрээ байршуулдаг байна. Долдугаар сард 62 тэрбум төгрөгийн хадгаламж, 37 тэрбум төгрөгийн валютын хадгаламжийг хувийн байгууллагууд банканд байршуулжээ. Төгрөгийн хадгаламжийн хүү нь 8.5 хувь бол валютын хувьд 4.8 хувийн хүүтэйгээр байршуулж байгаа аж.

Иргэдэд олгох зээлийн хүү 2.2 хувиар буурсан байна 

Иргэдэд олгож байгаа зээлийн хүү 2.2 хувиар буурсан байна. Хадгаламжийн хүүний бууралт зээлийн хүүний бууралт руу шилжиж байгаа юм байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд хадгаламжийн хэмжээ буурах хандлага ажиглагдаж эхэлсэн байна. Хувийн байгууллагуудын валютын зээл авах хандлага багасчээ.

Харин зээлийн хүү нь ангиллаасаа хамаарч хэлбэлзэлтэй байна. Жишээ нь 18.5 хувийг цалин, 17.8 хувийг тэтгэвэр, 12 хувийг ипотекийн зээл, 8 хувийг хөтөлбөрийн зээл, 12 хувийг банк өөрийн эх үүсвэрээр олгож байгаа зээл, үлдсэн 20 хувийг бусад хэрэглээний шинж чанартай зээл байгаа юм. Үүнээс бизнесийн зээлийг тархалтаар нь авч үзэхэд бизнесийн салбарууд дунджаар 17.4 хувийн хүүтэйгээр зээл авч байгаа юм байна. Тухайлбал, ХАА газар тариалангийн салбар 12.2 хувийн хүүтэй, барилгын салбар 18.8 хувь, уул уурхайн салбар 19.6 буюу хамгийн өндөр хүүтэй, худалдааны салбар 16.4, үйлчилгээний салбар 17.8 хувийн хүүтэйгээр зээлийн эх үүсвэрийг авчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн хувьд уул уурхай, барилга, худалдаа, боловсруулах салбарт хугацаа хэтэрсэн зээл өндөр байгаа аж.

Банкууд долдугаар сард 629 иргэнд 46.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Долдугаар сард 46.9 тэрбум төгрөгийн зээлийг 629 иргэнд олгожээ. Үүний 6.3 тэрбум төгрөгийн зээлийг орон нутагт олгожээ. Нийт зээлдэгчээс 167 зээлдэгч нь орон нутгийнх юм байна. Ипотекийн зээлийн жилийн өсөлтийг нь авч үзвэл 3.5 хувь. Хөтөлбөрийн зээлийн эх үүсвэр тодорхой төвшинд хязгаарлагдсан нь эерэг нөлөөлөл харуулж байгаа юм байна. Учир нь банкны салбар өөрийн эх үүсвэрээр гаргадаг зээл нэлээд нэмэгдсэн байна. Нийт 4.3 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгогдож, 93885 хүн ипотекийн зээлтэй байгаа юм байна. Үүнээс 30 мянган хүн нь орон нутагт бий.

Төгсгөлд нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Бондуудын төлбөрийн зөрүү, алдагдлыг Монголбанк албан ёсоор тооцдог уу?

-Бондын үнэ олон улсад өдөр тутам өөрчлөгдөж байдаг. Дотоод төгрөгийн ханшийн алдагдлаас үүсч байгаа зөрүү нь тухайн бондыг гаргасан аж ахуй нэгж, байгууллагуудын алдагдал дээр тооцдог юм. Ханшийн зөрүүний алдагдалтай холбоотой асуудалд Монголбанкнаас мэдээлэл хийдэггүй.

-Бизнесийн зээлийн өсөлт 15.7 хувьтай байна. Энэ хангалттай юу?

-Бизнесийн зээл нь сүүлийн саруудад нэлээд өсч байгаа. Энэ бол нааштай дүн. Монголбанкнаас бизнесийн зээлийг дэмжихэд үйл ажиллагаа чиглүүлж байгаа. Хэрэглээний зээлээс бизнесийн зэээл рүү хөрвүүлэх шилжүүлгийн аргыг хэрэглэсэн макро зохистой бодлогын хүрээнд бид өр, орлогын харьцааг хязгаар бодлого явуулж байгаа юм. Тэгэхээр уг бодлого хэрэгжээд ирэхээр бизнесийн зээлийн өсөлт хангагдана гэж үзэж байгаа. Цаашид бизнесийн зээл өснө.

-Инфляци өссөн шалтгааныг юутай холбож тайлбарлах вэ? 

-Хамгийн өндөр инфляцийн тоо жилийн дүнгээр 8.8 хувьтай байгаа. Үүнийг задалж үзвэл, байгаль цаг агаарын нөлөөтэй хүчин зүйлүүд гарч ирж байгаа юм. Энэ нь нэг ургацтай холбоотойгоор хүнсний ногооны үнэ өнгөрсөн жилээс харьцангуй өндөр төвшинд хадгалагдсан. Улирлаас хамаарч, долоон сард ногооны үнэ өсч, наймдугаар сард буурдаг хандлагатай. Мөн өнгөрсөн жил ургац алдсантай холбоотойгоор хүнсний ногооны үнийн өсөлт 8.8 инфляцийн нэг хувийг эзэлж байна. Үүнээс гадна нүүрс хатуу түлшний хэрэглээ буюу нүүрсний үнэ өнгөрсөн оноос 60 орчим хувиар өссөн байгаа. Энэ жилийн хувьд нүүрсний үнэ буураагүй нь нийт инфляцийн 1.6 хувийг гэр хороололд хэрэглэгдэж байгаа нүүрсний үнэ дангаараа тайлбарлаж байгаа юм. Мөн нүүрсний нийлүүлэлтэд нөлөөлж байгаа нэг зүйл нь нүүрсний уурхайн амууд дээр тодорхой хэмжээний хязгаарлалт байгаа гэсэн мэдээлэл байгаа. Дээрх зүйлүүд нөлөөлж байна.

Үүнээс гадна бензиний үнэ нэмэгдсэн. Энэ нь инфляцийн 0.8 орчим хувийг тайлбарлаж байгаа. Бензиний үнэ өсөхөд дэлхийн зах зээл дээр байгаа тодорхой бус байдлууд нөлөөлж байна. Нефтийн үнэ нь монгол болон бусад орнуудад ч мөн адил нөлөөлж байгаа. Засгийн газраас татварын зохицуулалтаар бензиний үнийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байсан ч татварын орон зай шавхагдсан. Одоо дэлхийн зах зээл дээр байгаа нефтийн үнэ манай улсын зах зээлд шууд нөлөөлөхөөр байна. Энэ нь инфляцийн 0.8 хувийг тайлбарлаж байгаа.

Дараагийн хүчин зүйл нь мах. Энэ жилийн хувьд зуншлага дутуу болон долдугаар сард их хэмжээний бороо орсонтой холбоотойгоор махны нийлүүлэлт буурахад нөлөөлсөн. Махны үнэ нь нийт инфляцийн 1.1 хувийг эзэлж байгаа. Мөн согтууруулах ундааны бүтээгдэхүүн 8.8 хувийн инфляцийн 0.5 хувийг тайлбарлаж байгаа. Эдгээр бүтээгдэхүүнүүд 8.8 хувийн инфляцийн 5.1 хувийг тайлбарлаж байгаа юм. Тэгэхээр нийт инфляци нь өндөр харагдаж байгаа боловч нийлүүлэлтийн шинж чанартай зүйлүүд нэлээд хувийг эзэлж байна. Эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор эргэлтийн хүчин зүйл бий. Ханш суларсантай холбоотойгоор хоцрогдсон нөлөө явж байгаа. Гэхдээ энэ нь нийт инфляцид үзүүлж байгаа дарамт нь харьцангуй бага. Тэгэхээр зорилтоос давах эрсдэл харьцангуй бага. Мах, хүнсний ногооны үнэ буурахтай холбоотойгоор жилийн эцсийн инфляци 8.8 хувиас буурна. Оны эцэст 7-7.5 хувийн инфляцитайгаар он давна гэсэн хүлээлттэй байгаа.

-Банкууд зээлийн хүүгээ урьдчилж гэлээ. Яаж зохицуулах вэ?

-Монголбанкны шинэчилсэн журмаар банкууд хүүг урьдчилж авахыг хориглосон. Мөн банкууд харилцагчдадаа нийт өртгийг шингээсэн бодит зээлийн хүүг мэдээлэх үүрэг хүлээлгэсэн.

Хариулт үлдээх

Your email address will not be published.