Г.Занданшатар та Багануурын концессыг үргэлжлүүлбэл…
2018 оны 8 сарын 31

Хачирхал дагуулсан мэдэгдлийн тухайд

 

Саяхан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нэгэн хачирхалтай мэдэгдэл хийсэн билээ. “Багануурын концессийн гэрээг цуцалбал 512 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх нөхцөл үүснэ. Мөн гаргасан шийдвэр маань хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байх талыг харгалзан үзэх хэрэгтэй” гэж тэр хэллээ.

 

Энд юу нь хачирхалтай байна вэ гэж үү? Маш олон хачирхмаар, жигшмээр зүйлс түүний товчхон мэдэгдэлд агуулагдаж байгаа. Товчхондоо Г.Занданшатар сайдтан энэ балагт концессыг хэвээр үргэлжлүүлбэл үеийн үед “урвагчаараа” дуудуулах магадлал үүсчээ. Яг л 1919 онд Шанзав Бадамдорж тэргүүтэй урваач шарваач ноёдын хийж байсан шиг үйлийг 100 жилийн дараа давтах гээд байна уу даа хэмээн эмээж, хачирхаж байна.

 

Хачирхах юун хэмээвээс:

 

Монгол улсын засгийн газар яагаад зөвхөн Хятадын талд нөхөн төлбөр төлөх асуудлыг тооцоолж хэлэлцээд, Монголын талд энэ концесс ямар хохирол учруулахыг тооцоолохгүй, ярихгүй, хэлэлцэхгүй байна вэ?  Аливаа гэрээ хэлцэл ямагт хоёр талын эрх ашгийг тусгаж байх ёстой байхад зөвхөн нөгөө талын ашиг сонирхлыг хамгаалах гээд байгаа сайд хаанахын сайд болж таарах вэ? Г.Занданшатарын мэдэгдэл бүхэлдээ зөвхөн хятадын консорциумын тав тух алдагдах вий л гэсэн, юу юуны туханд хүрэлгүй бууж өгөх өнгө аястай байв. Уг нь түүнийг монголын сонгогчид “бидний эрх ашгийг хамгаал, бидний талд зогс” гэж л сонгосон. Гэтэл хаанахын ЗГ хэний эрх ашгийг хамгаалаад, хэний талд ороод байна вэ? Хачирхалтай биш гэж үү.

 

Г.Занданшатар сайдтан 512 сая долларын нөхөн төлбөрт унах тухай сүржигнэн ярьж буй. Гэтэл төсөл хэрэгжүүлэхийг санаархаж буй этгээдүүд “төсөлд нийт 214 сая ам.доллар зарцуулсан” гэж бичсээр мэдэгдсээр байгаа. Бодит байдал дээр Багануурт “яндангийн суурь ажлуудыг хийж дуусгасан, оффисын барилга зэрэг гурван барилгын ажил 40 хувьтай баригдаж” байгаа гэж тэд тайлагнасан байгаа. Эндээс яаж ч өсгөөд 214 сая доллар харагдахгүй. Хамгийн гол нь сайд Г.Занданшатар яагаад 214 саяыг 512 сая доллар болгон өсгөж яриад байна вэ? Энд асар том хачирхах зүйл нуугдаж байж мэднэ.

 

Багануурын ДЦС баригдмагц цахилгааныг “гарааны үнэ 15 цент” гэж үнэлнэ гэж заасан байгаа. 162,5 төгрөгөөр 1 квт цахилгааныг монголчууд худалдан авах ба энэ нь “гарааны үнэ” гэж байгаа тул цаашдаа өссөөр 225 төгрөг болох төлөв бий болсон. Гэтэл яг одоо монголчууд 1 квт цахилгааныг 98,40 төгрөгөөр худалдан авдаг. Гарааны үнэ нь гэхэд л одоогийнхоос 2 дахин шахуу үнэтэй цахилгааныг бидэнд нийлүүлэх гэж байгаа юм. Энэ хэний эрх ашиг вэ? Ахиад л хачирхах зүйл мөн.

 

 

Өндөр үнэтэй цахилгаан, төслийн өртөг олон улсын жишгээс хэт өндөр (700 сая долларын өртөгтэй станцыг 1.2 тэрбум доллараар үнэлж байгаа), цаашид дотоодын ДЦС-ууд шахагдан хаалгаа барих нөхцөл үүсэх, Багануурын уурхай дампуурах, хүмүүсийн эрүүл мэнд, байгаль орчин, цацраг, Хэрлэн гол… хятад ажилчид, хятад хороолол гээд монгол улсын эдийн засаг, ҮАБ-д учрах үй түмэн хохирлыг ЗГХЭГ-ын дарга яагаад ярьсангүй вэ? “Багануур повер” компанийн төлөөлөгчийн ярьснаас үзэхэд 895 ажилчин цахилгаан станц барих үед ажиллана гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Станц ашиглалтад орсноор 2500 хүн ажиллана гэж байгаа нь хятад иргэд олон жилээр суурьших нөхцлийг үүсгэх нь гэсэн хардлага бий. Монгол талдаа илүү хохиролтой гэрээ байгуулчихаад, “цуцалбал их өрөнд орно, арбитрийн шүүхэд ялагдна” гэж сүр далайлган хэрэгжүүлдэг, ард түмнээ шантаажлах үйл ажиллагаагаа хэзээ болих вэ? Өнөөдөр ийм юм ярьж байгаа хүмүүс маргааш Монгол улсыг харьд нэгтгэх гэрээ байгуулчихаад, хэрэгжүүлэхгүй бол их өрөнд орох гээд байна, хэрэгжүүлэхээс өөр аргагүй гээд сууж байх тун их магадлалтай юм байна шүү! Энд хамгийн том хачирхал агуулагдаж байна.

 

Дэлхий даяар мега төслүүд эрсдэлд орж байгаа. Том төслүүдийн эрсдэл нь нийт эдийн засгаа чирч унагах аюултай байдаг. Том төслүүдийн 85 хувь нь анх төлөвлөсөн хугацаа болон төсвөөсөө хэтэрдэг, мөн гуравны нэг нь л амжилтад хүрдэг гэсэн судалгаа (McKinsey, 2016) бий. Монгол банкнаас “МЕГА ТӨСӨЛ: ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА, МОНГОЛ УЛСЫН ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” (Ц.Бямбацогт, Д.Цэнддорж 2017 он) гэсэн тайлан гаргасан байх ба монголын шинжээчид ч “Мега төслийн гүйцэтгэлийн эрсдэл өндөр, амжилт олох магадлал сүүлийн 70 жил сайжраагүй байхад” мега төслийг амжилттай хэрэгжүүлэх магадлал манайд маш бага гэж дүгнэсэн байдаг. Тэд “хүлээгдэж байсан орлого 50%-иар бага байх нь түгээмэл… мега төслүүд дээр хийсэн судалгаагаар зардал хэтрэх, хугацаа төлөвлөснөөс сунах, үйлдвэрлэл төлөвлөснөөс бага байх нийтлэг хандлага ажиглагддаг тул төсөл бүр амжилттай болдоггүй” гэх зэргээр анхааруулан бичсэн байгааг ЗГХЭГ-ын дарга олж уншаагүй яваа нь хачирхал төрүүлсээр байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан хүртэл: “Хөрөнгө оруулалт нь тэрбумаас их бол “мега төсөл” гэж хэлдэг. Бид том төсөл мөрөөдөж болно. Гэхдээ ихэнх нь унадаг, нурдаг гэдгийг мартаж болохгүй. Мега төсөл одоохондоо санхүүгийн баялгийг бүтээхээсээ илүүтэй баялгийг устгагч болж байна” хэмээн анхааруулан бичиж байв.

 

ЗХЭГ-ын дарга Г.Занданшатар уг нь асуудалд ултай, үндэсний эрх ашгийг бодолцож хандсан бол миний энэ жилийн туршид Багануурын иргэний нийгмийн төлөөлөгч Д.Баатарсүрэн, эрчим хүчний инженер Т.Минжүүр нарын хамтаар Багануурын цахилгаан станцад үүсэж буй аюулын талаар хангалттай сэрэмжлүүлж, шүгэл үлээж байгааг нягтлан үзэх ёстой байсан. Бидний үлээсэн шүглийн дуу олон нийтийг сэрээсэн. Үүнийг нийгмийн сүлжээгээр иргэдийн илэрхийлж байгаа байр суурь хангалттай нотлоно. ДМН-ээс энэ асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байгаа. Уг шаардлагад учирч болох бүх эрсдлийг дурдаад …Дээрх эрсдлүүдээс гадна Багануурын цахилгаан станцын төслийн шалгаруулалт эхнээсээ будлиантай, авлигатай холбоотой байж болзошгүй бөгөөд энэ асуудлыг АТГ шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд та Засгийн газраас “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компанитай байгуулсан “Багануурын цахилгаан станц” төслийн концессын гэрээг хүчингүй болгоно уу. Хэрэв Ерөнхий сайд та уг гэрээг цуцлахгүй бол “Дархан Монгол” Нэгдэл бусад ТББ, иргэний хөдөлгөөнүүд, улс төрчидтэй хамтран тэмцлийн үйл ажиллагаа зохион байгуулан эхлүүлэх болно” хэмээн анхааруулсан нь бий.

 

Эдийн засгийн хямралтай үед ийм үрэлгэн, үр ашгаа өгөх эсэх нь тодорхой бус төслийг үргэлжлүүлмээргүй байна. Аливаа бүтээн байгуулалт ард түмэндээ үр шимээ өгдөг байвал хэн ч дургүйцэхгүй, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах болно. Энэ асуудлыг УИХ анхааралдаа авч намрын чуулганаар хэлэлцээд, үндэсний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахыг бид шаардаж байна. Г.Занданшатар мэтийн ойворгон сайдуудаар ийм ноцтой асуудлыг шийдүүлж хэрхэвч болохгүй!

 

 

Ингээд нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн иргэдийн байр сууриас толилуулъя.

 

Bayarsaikhan Sosorbaram August 20:  Багануурын ДЦС-н төсөл магадгүй Оюу толгойгоос ч илүү хор уршигтай төсөл шүү. Яагаад энэ гэрээг цуцалдаггүй юм бэ.

 

Түвдэнгийн Бор August 16 : БАГАНУУРЫН ХЯТАД ХОРООЛОЛ БОССООР БАЙНА .УЛСТӨРЧИД ЯАГААД ДУУГҮЙ БАЙНА .МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХАМААТАЙ 20 -30 МЯНГАН ХЯТАД ИРГЭД 20ЖИЛ МОНГОЛД АМЬДРАХ ТӨСЛИЙГ ДУУГҮЙ ХАРААД СУУХ ЭРХ БИДЭНД БАЙХГҮЙ. БАГАНУУРЫН ЦОРЫН ГАНЦ БААТАРСҮРЭН АХ БИД 2 ОЛОН САР ЯРЬСАН АЖЛАА АЖИЛ ХЭРЭГ БОЛГОЖ ДЦС БАРИХ ХЯТАД ХОРООЛОЛЫН БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ ХУВИЙН МАШИНААРАА ҮЙЛЧИЛЭВ. ГЭРИЙН ХАЖУУД ХУЖАА БАРИЛГЫН ДАРГА АЖЛАА ХАРААД ЗОГСОЖ БАЙЛАА. БИД ДУУГҮЙ СУУХГҮЙ !!!

 

DMNN March 27 : МОНГОЛЧУУДЫГ УНТААД ӨГЛӨӨ БОСОХОД НЬ ШИНЭ ГАЙ ЗОВЛОНТОЙ МЭДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙДАГ БОЛСООР 28 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ. БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ НЭРИЙДЛЭЭР 25 ЖИЛ СУУРЬШААД АВСАН ОЛОН МЯНГАН ХЯТАДУУД ОРОСУУД ШИГ ГАРААД ЯВАХГҮЙ ҮҮРД МОНГОЛД #ҮЛДЭНЭ!

 

МУ-ын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн бас нэг үзэглэсэн балаг нь илэрлээ. Багануурт баригдах ДЦС-ыг Хятадуудаар бариулахаар гэрээ байгуулсан байна. Тэр цахилгаан станцыг барих, ажиллах хятад иргэд 25 жил манай улсад бөөнөөрөө суурьшин амьдрана гэж байгаа.

 

Шинжээравдан Босоо Монгол August 2 : ЭНЭ ЭТГЭЭД ХЯТАДУУДТАЙ МАШ АЮУЛТАЙ ГЭРЭЭ ХИЙЖЭЭ!!! МОНГОЛ УЛС 512 САЯ $-ЫН НӨХӨН ТӨЛБӨРТ УНАХ НӨХЦӨЛ ҮҮСЛЭЭ. ХЯТАДТАЙ БАЙГУУЛСАН БАГАНУУРЫН ДЦС-ЫН ГЭРЭЭГ ЦУЦАЛБАЛ 512 САЯ АМ.ДОЛЛАРЫН НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛНӨ ГЭЖ ЗГХЭГ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР МЭДЭГДЛЭЭ. ГЭВЧ ЦУЦЛАХГҮЙ БОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛНА. ИЙМД ГЭРЭЭГ ЦУЦАЛЖ, ГЭРЭЭ ХИЙСЭН ЭТГЭЭДЭЭР НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ГАРГУУЛАХ ЁСТОЙ.

 

Баатарсүрэн Дамдинжамц: Багануурын ТЭЦ-тэй холбоотой мэдэгдэл мэдээлэлд оролцсноороо өнөөдөр Улс орны хөгжлөөс хойш татсан, мөнгөөр тэмцэлд оролцсон гэж төр захиргааны удирдлагын зүгээс сошиал орчинд гүтгүүлээд зогссонгүй, үл мэдэх хүмүүс утсаар элдвээр дарамталж, урвагч шарвагчаар хүртэл цоллуулж байгаа ч миний хувьд Хэрлэн голоо бузартуулахгүй гэсэн байр суурьдаа хэвээр байж, тэмцэж л байна. Хүчитний өмнө хүчин мөхөсдөхийг ч үгүйсгэхгүй. Бүтээн байгуулалтыг эсэргүүцээгүй. Зөвхөн Хятад иргэдээр бүтээн байгуулалт нэрээр хятад хороолол байгуулах гээд улайраад байгааг, үндэсний аюулгүй байдлын төлөө үгээ хэлэх эрхээ эдэлж чадахгүйд хүрээд ганцаардаж байна. Хамтраад явах хүн Буянхишиг эмчээс өөр гарсангүй. Монгол ажилчидын тоо квот нь хязгаартай зөвхөн Хятад ажилчдаар бүтээн байгуулалтын ажлыг хийлгэж, монголд 25 жил хятад иргэд суурьших нь гэж бодлоо.

 

DMNN March 26 : ХҮН БҮР ЮУ БОЛООД БАЙГААГ #УНШ! ХАМГИЙН НОЦТОЙ НЬ МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ 70% ХЯНААД ЗОГСОХГҮЙ, ЭНЭ КОНЦЕССОР ИРЭЭД 25 ЖИЛ БОЛСОН ОЛОН МЯНГАН ХЯТАДУУД ОРОСУУД ШИГ ГАРААД ЯВАХГҮЙ ЭНД ҮЛДЭХ НЬ ТОДОРХОЙ.

 

Ч.Мөнхбаяр. Нэгдсэн Монгол хөдөлгөөн

Хариулт үлдээх

Your email address will not be published.