Ч.Хүрэлбаатар: “Сайн малчин” хөтөлбөрийн 200 тэрбумын өрийг төлж дуусгалаа
2018 оны 8 сарын 30

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Сайн малчин” хөтөлбөрийн 200 тэрбум төгрөгийн зээлийг төлж дуусгаснаа өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр “2016 оны сонгуулийн өмнөхөн мөнгө хэвлэж тараасан “сайн” нэртэй зээлүүдийн нэг нь ийнхүү дуусгавар болж байна. Одоо 2016 оны зургадугаар  сард мөнгө хэвлэж 300, 300 мянгаар тараасан “Сайн хувьцаа” нэртэй зээлийн 374 тэрбум төгрөгийн өр үлдлээ. Ямар хэцүү дуусдаггүй өр вэ” гэжээ.

2012-2016 онд ажилласан АН-ын Засгийн газар “Сайн” нэртэй хэд хэдэн хөтөлбөр гаргасны нэг нь уг “Сайн малчин” хөтөлбөр.  Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад 2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын  хуралдаанаар уг хөтөлбөрийг батлахдаа 2020 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлж,  мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьсан хэмээн мэдээлж байжээ.

Гэвч Засгийн газар тухайн үед тус хөтөлбөрийг санхүүжүүлэх  эх үүсвэргүй байсан тул Монгол банк мөнгө хэвлэж, нийт 200.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалж, малчдад олгох зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад өгчээ.

Энэ нь Төсвийн тухай хууль зөрчсөн тул уг  хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоох шийдвэрийг МАН-ын Засгийн газар гаргаж,  2016 оны наймдугаар  сард арилжааны банкнаас үнэт цаасыг эргүүлэн худалдан авч, үлдсэн төлбөрийг шат дараатай барагдуулах ажлыг хийжээ.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.