Л.Оюун-Эрдэнийн бохир улс төр
2018 оны 9 сарын 10

Сүүлийн өдрүүдэд улс төрийн тогоонд Тавантолгойгоос чухал сэдэв болоод байгаа Л.Оюун-Эрдэнэ гэх залуугийн өнгөрсөн түүхээс цухасхан өнгийж үзлээ.

Өнөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн олон жил зүүсэн “Харвардын залуу” гэх гоё алдарт хүртлээ тэр хэн байж, ямар зам туулав?

Нам дагаснаас өөр туршлагагүй Тамгын газрын дарга

Нутгийн ах, намын татаасаар улс төрийн тогоонд хар нялхаараа гарч ирсэн цөөхөн хүний нэг магадгүй Л.Оюун-Эрдэнэ байх.

Иргэний үнэмлэх авав уу үгүй юу МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага МАСЗХ-нд 1999 онд, МАХН-д 2000 онд гишүүнээр элссэн байдаг. Жирийн залуус ямар сургуульд элсэхэв, ямар мэргэжил эзэмшихэв, тэр байтугай хотод хаана хөлсний хямдхан байр байна гэсэн аж ахуйн олон сонголт дунд төөрөлдөж явахад тэр аль хэдийнэ намаар замаа заалгаж явж.

Намын замд хөтөлсөн хүн нь У.Хүрэлсүх. Нэг нутаг, нэг жалгын дүүгээ карьерын шатаар өм цөм харайлган гаргаж ирсэн У.Хүрэлсүх тухайн үед УИХ-ын гишүүн, Ардчилсан социалист залуучуудын холбоо, одоогийн НАМЗХ-ны ерөнхийлөгч байв.

Энэ ч гайгүй хэрэг. Намтрыг нь сөхвөл 2001 онд Хэнтий аймгийн Бэрх сумын Захирагчийн албанд Тамгын газрын дарга хийсэн гэсэн сонин түүх гарч ирэх юм. Тэр 1980 онд төрсөн гэхээр ердөө 21 настайдаа төрийн том албаны дарга болчихож. Мэргэжилтнээр биш бүр дарга шүү. Төрийн албанд ажилласан туршлага мэтийн дарга болоход тавьдаг наад захын шаардлагыг тэр гишгэлээд л гарчихаж.

28 настай, гадаадад 2 сургууль төгссөн хүнийг агентлагийн дэд дарга болоход төрийн албаны туршлагагүйг нь нийгэм даяараа шүүмжилж, хэн нэгний “сайн дүү” болгож байгаа бид 21 настай, нам дагаснаас өөр ажлын туршлагагүй, Бэрс гэх хувийн сургуулийг утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн Л.Оюун-Эрдэнэ гэх залуу Тамгын газрын дарга хийгээд явж байсныг хэрхэн дүгнэхийг цаг хугацаа харуулах биз.

Их мөнгө эргэлдсэн төслүүдийн төсөв атгагч

Дараагийн алхам. Төрийн удирдах алба хашсан гэсэн сайхан CV-тэй болсон түүнд их мөнгө эргэлдсэн том төслүүдийг онилов. 20 дөнгөж гарч яваа, гадаад хэл сураа ч үгүй хөдөөгийн залуу их мөнгө эргэлддэг том төслүүдийн хойморт тухалсан нь ар дахь нөмөр нөөлөг нь хэр бат байсны илрэл биз.

2002-2007 онд Дэлхийн зөнгийн бүсийн захирал, Европ тивийн санхүүжилт хариуцсан бүсийн захирал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт зөвлөх,Филиппин, Тайланд улсад төслийн менежер, мэргэжлийн үнэлээч гэх мэт олон гуншинтай ажил хийжээ. Өөрийнх нь өгсөн ярилцлагаас харахад тэр дунд сургуульд тооны хичээлдээ муу байсан гэнэ лээ. Тоочин хүн л төсөв санхүү хариуцдаг тогтсон жишиг Оюун-Эрдэнэ дээр бас алдагдсан байх нь.

Улсад танигдсан улс төр буюу НАМЗХ-ны ерөнхийлөгч

2008-2009 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар, 2009 оноос МАХН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газарт намын байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2009 онд Н.Энхбаярын сонгуулийн штабт хүчин зүтгэснээрээ олонд танигдсан юм.

2010 онд одоогийн НАМЗХ-ны дөрөв дэх ерөнхийлөгчөөр сонгогдохдоо том ар талаараа түрий барин үнэмлэхүй ялалт байгуулж байв. Л.Оюун-Эрдэнийн нэрийг МАХН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нь чухамдаа У.Хүрэлсүхийн санаачилга байсан юм. Намын генсекээр ажиллаж байсан У.Хүрэлсүх нутгийн дүүгээ нөмөр нөөлөгтөө авч, тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг нарыг жийж байлаа.

Үүний дараа 2012 оноос Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч хүртэл дэвшсэн ч нам нь таван шатны сонгуульд ялагдал хүлээсний дараа намын гол түшиц болдог байгууллагуудын удирдлагууд ажлаа хүлээлгэж өгсөн билээ.

2012 оны сонгуулиад МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж, экс гишүүн Ё.Отгонбаяр олон дансны хэргээр суудлаасаа буух дөхөх үед УИХ-ын гишүүний сэнтийд заларч магадгүй гэж яригдаж байлаа.

Харвардын залуугийн тив дамжсан байлдаан

МАН-ын тогоонд балчраасаа идэр хүртэл чанагдсан тэр 2013 онд Харвардад сурахаар явсан юм. Тэнд суралцах хугацаандаа нам жим байсан бол эх орондоо ирэхтэйгээ зэрэгцүүлээд томоохон шуугиан дэгдээгээд авав.

НАМЗХ-ын ерөнхийлөгчийн суудал булаалдсан маргаанаа нийт залуусын өмнө дэлгэн шоудаж, зөвхөн өөрийнх нь эрх ашгийг хамгаалахад зориулагдсан “Хязгаар-35” гэх хөдөлгөөн хүртэл өрнүүлээд амжив. Адилхан АНУ-д боловсрол эзэмшсэн Н.Номтойбаяртай цахим ертөнцөөр тулалдаж эхлэв.

Байлдаанаар өөрт нь таагүй олон баримт дэлгэгдсэний дотор Харвардад суралцаж байх нам жим үеийнх нь элдэв жигтэй явдлууд багтжээ.

АНУ-д сургалтад суух нэрээр МАН-ын гишүүдэд виз, мөнгө гаргуулаад сургалтдаа суулгүй баахан аялж зугаалсан, тухайн үеийн МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн гарын үсгийг хуурамчаар зурж гадаад руу хуурамч албан бичиг явуулсан, тэр нь гадаадын шүүхээр тогтоогдсон, харийн газар нутаг нэгтнээ хулхидсан гээд МАН-ын, Монголын байтугай Харвардын нэрийг ч улайлгам явдлууд яригдаж эхлэв.

Магадгүй, энэ бүхэн түүний улс төрд эргэн ирэх, өөрийгөө таниулах пиар ажиллагаа биз. Өнгөрсөн хугацаанд намдаа гэхээс илүү хувийн амьдрал, карьер, боловсролдоо түлхүү анхаарсан Л.Оюун-Эрдэнэ гэх энэ залуу одоо сайн ахынхаа ачийг хариулахаар хамт явсан найзуудаа золин байж их эрх мэдлийн төлөө хүч мэдэн зүтгэх биз.

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.