Холгодог гуталтай холыг туулахгүй ээ…
2018 оны 9 сарын 12

Улсын хэмжээнд 68 сургууль 18 цэцэрлэг хоёр захиралтай болчихож. Жинхэнэ захирал нь өрөөндөө орж гарч холхиод л, хөөрхийд мэдэл гэж алга. Шилжин очиж байгаа хүүхдийн бичиг баримтыг хүртэл хоёр дахь захирлынхаа нүдийг хариулан авч, “Уг нь манайх хичээл хаячихсан л даа, авах ёсгүй юм байгаа юм, хичээл хаялт дуусахаар та ирэхгүй яагаа вэ” гэсхийгээд хулмаганан байж уулзаж байна аа. Хоёр дахь захирал бол тэнд од оо, од. Өглөө хичээл эхлэх цагаар эль хуль сургуулийнхаа үүдэнд багш нарыг угтан маасайж, “Цагаа бүртгүүлээд, хурууны хээгээ уншуулаад ороорой, цалинтай ажил хаялт шдээ” ухааны юм ам хуурайгүй ярьж, хүн бүрийг хянан, багш бүрийг базаж байна. Хаа сайгүй нэг далдаганасан зуучлагч байдаг даа. Яг тэр мөн дөө. Нөгөө шилжин очиж буй хүүхдийн ээж ангийн багштай нь уулзсаны төлөө “Та ингэж болохгүй, энэ чинь ажил хаялт” ч гэх шиг.
-Харин та хэн бэ гэсэн чинь
-Би нарийн бичиг гээд монцойж байна
-Багш болгон нарийн бичигтэй болчихсон юм уу? гэж гайхтал
-Ажил хаялт болж байгаа болохоор л гээд ээрч байна. Тэгснээ
-90-ээд оны ажил хаялтанд манай багш нар оройлж оролцсон шүү дээ гээд л нөгөө өөрийгөө нарийн бичиг болгочихсон залуу мэдэмхийрэв. Арай л ардчилсан хувьсгалын сургаар толгой эргээд, сэтгэл хөөрөөд тэндээ үлдчихсэнгүй, багш биш тулдаа л тэслээ. Хөөрхий багш эмэгтэй ямар хүүхэд шилжин ирж буйг мэдэх гэсэн биш хэрэгт орох янзтай, хулгайч шиг л нүдээрээ дохиод цаашаа алхах юм.
Нэг иймэрхүү л дүр зураг угтав. Ардчилсан хувьсгалын өдрүүдийг гуйвуулан чалчиж, багш нарын тархийг угаан, хичээл хаялтыг гардан зохион байгуулж буй хоёр дахь захирал гэдэг чинь энэ дээ. За ингээд хоёр захиралтай, нэг нь жинхэнэ, нөгөөх нь ажил хаялтын супер од. Цалинтай ажил хаялт, цоожтой хүүхдүүд. Ямар байна даа. Эндээс нэг зүйл харагдаж байна. Багш нарын цалин бага гэдэг нь үнэн. Гэхдээ хүүхдээ гэсэн сэтгэл нь бүүр бага юм байна. Тийм ч болоод цалинтай ажил хаяж, хэдэн хүүхдийн маань сурах эрхээр шүлс хийж явна. Засгийн газар өдий хүртэл 10 хоног нэмээгүй цалингаа одоо лав нэмэхгүй. Тэгээд ч тэр Хүрэлсүх Цогзолмаа хоёр чинь ямар мөнгө үйлдвэрлэгч байна уу, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээд 30 хүртэл хувь нэмлээ, өөр яах юм. Нэг үгээр хэлбэл багш нарын ажил хаялт үнэндээ цалингийн бус, ёс зүй, сэтгэлийн хэмжүүрийг шинэчлэн тогтоож байна. Ажил хаясан багш хүүхдэд сурах эрх байгааг бодолцсонгүй. Тэгээд хичээл орохоор сурагчдынхаа өмнө яаж зогсох гэж байгаа юм. Хэд хоног хичээл тасалсан хүүхэд “Багш аа,би хичээл хаясан юм аа” гэвэл юу гэж хэлж, ямар хариулт өгөх үү? Энэ мэтээр эргээд нүүр нүүрээ харалцахын цагт багш, хүүхэд хоёрын дунд үүсэх үл итгэлцлийн ханыг яах вэ? Аав ээжүүд сэтгэлийнхээ мөн чанарыг таниулсан багш нарт хүүхдээ хүргэж өгөхгүй байх эрхтэй гэдгийг бүгд мартчихсан уу? Одоохондоо ч яахав, хүн холгодог гуталдаа ч дасдаг гэгчээр хүүхдээ чирээд, эсвэл цоожлоод болоод байна. Ажил хаялтын огцом дуулиан ч хуучирлаа. Багштай багшгүй намар өнгөрч, өвөлтэй золгох нь. Тэгвэл энэ мэтийн холгодог гуталнуудаа яах вэ. Товчхондоо ажил хаясан сургуулиуд хулгайчаар дүүрэн. Жинхэнэ захирал нөгөө супер холгодог гутлаас нуугдан хулгайч шиг бичиг цаасаа эмхэлнэ. Багш нар бас л хулгайгаар цагаа бүртгүүлж, цалингаа бодуулж буйдаа ичээд үхэх шахна. Аав ээжүүд бас л нарийн бичиг нэртэй супер холгодог гутлын хяналтан дор хүүхдийнхээ багшийг хайж хулгайч аятай манаргана…за нэг иймэрхүү. Сургуулийг хулгайн газар болгон хувиргаад байгаа супер холгодог гуталнуудаас ангижруулаад, ажлаас нь халаад өгч болдоггүй юм уу. Тэртэй тэргүй ажлын байргүй залуу багш нар зөндөө байна даг. Холгодоггүй гуталтай алхаж үзмээр л байна шүү дээ. Цалинг нь нэмэхээр сэтгэл нь хасагдаад байгааг тэгж яривал бас л хулгай гэдэг байх.

Хариулт үлдээх

Your email address will not be published.