Түүхий нүүрснээс салах шийдвэр нь хулгайн нүүрсийг дэмжиж буй хэрэг
2018 оны 9 сарын 18

Нийслэл хотыг утаанаас салгахаар Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар 2019 оноос эхэлж Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож,  хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд болон Нийслэлийн Засаг дарга С.Батболдод даалгасан.

            Тэгвэл, утааны улирал ирж байгаатай холбогдуулан “Улаанбаатарчууд бид түүхий нүүрснээс салахад бэлэн үү” сэдвийн дор нийслэлийн хамгийн их утаатай хэсэг болох 21-р хороолол орчимоос иргэдийн саналыг сонслоо.

– 2019 оноос эхэлж нийслэлд түүхий нүүрс оруулж ирж хэрэглэхийг хориглоод байна. Бид үнэхээр түүхий нүүрснээс татгалзахад бэлэн үү?

Иргэн А /Нас 35, эмэгтэй/ : Бэлэн биш гэж бодож байна. Түүхий нүүрсийг орлох бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлээгүй, иргэдэд танилцуулаагүй байж шууд түүхий нүүрснээс татгалзана гэдэг бйаж боломгүй хэрэг. Түүхий нүүрс түлэхийг хориглоно гэх шийдвэр нь өөрөө мөнгө угаалт, хулгайн нүүрс олборлолтыг нэмэгдүүлсэн шийдвэр.

Иргэн Б /Нас 28, эмэгтэй/: Утаанаас салах асуудлаа цогцоор нь шийдээгүй цагт нийслэлчүүд нүүрс түлсээр л байх болно. Улаанбаатар хотод орон сууцны хороолол хэд байгаа билээ. Түүнээс хэд дахин олон байшин, гэр хороолол байна. Тэдний хэрэгцээг шахмал түлшээр хангаж дийлэх үү?

Иргэн В /Нас 25, эрэгтэй/: Шахмал түлш яг утаа гаргахгүй байж чадах уу?

Иргэн Б: Шахмал түлшээ яг юугаар хийж байгаа вэ гэдгээс шалтгаална. Нягтаршилтыг дээд цэгт нь хүргэлээ гэж бодоход тухайн шахмал түлш нь нийслэлийн нийт гэр хорооллын хэрэгцээг хангаж дийлэх үү?

Иргэн А: Шахмал түлш үйлдвэрлээд нийлүүлэлтийг хангалаа гэж бодоход түүхий нүүрснээс давсан үнэтэй байвал иргэд түүхий нүүрсээ л сонгоно. Гэтэл түүхий нүүрс битгий хэл покрышка түлдэг айл өрхүүд захын хорооллын үй олноороо байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй.

Иргэн Б: Шахмал түлшний үнийг түүхий нүүрсээс хямд байна гэж бодохгүй байна. Нийслэлд нийлүүлэгдэж байгаа түүхий нүүрс иргэдийн гар дээр замын зардлаараа л очиж байгаа. Гэтэл шахмал түлшийг түүхий нүүрс ба бусад дагалдах материалаар боловсруулах болохоор өртөг өндөр л тусна даа.

Иргэн В: Би оюутан байхдаа төслийн зуух, Улаанбаатар хотын утааны асуудлаар судалгаа хийж байсан. Төслийн зуухны хувьд, адилхан л нүүрс түлдэг болохоор утаа ихээр ялгаруулж, үнс тордог гаргаж байгаа нь харагдсан. Коксжуулсан нүүрсийг хэрэглэхэд өвлийн хүйтэнд хурдан шатаж, нүүрс шиг дулаанаа барьдаггүй талтай. Тэгэхээр түүхий нүүрснээс сална гэдэг Засгийн Газар, Засаг даргын хувьд үлгэр.

Иргэн Б: Иргэд аль нь илүү удаан шатаж, дулаанаа сайн барьж байна. Түүнийг л сонгоно шүү дээ.

– Гэр хорооллын айл өрхүүдэд утаа шүүгч байршуулж байгаа талаарх таны бодол?

Иргэн А: Утаа шүүгээд гадагш тортог гаргахгүй бол болж байна. Гэхдээ нийслэлийн бүх гэр хорооллын айл өрхөд суурилуулж чадах уу? Төсөв өртөг нь хэдэн төгрөг болох юм. Хэчнээн үнэгүй тавьж байгаа гэх ч төсвөөс хөрөнгийг татах учир бидний халаас руу л гараа шургуулж байна гэсэн үг. Гол нь үр дүн хэр байх вэ? Хэдий хугацаанд үргэлжлэх вэ гэдэг байна.

Иргэн В: Утаа шүүгч тавина гэдгийг мөнгө угаах арга гэж харж байна. Улаанбаатар хотыг утаанаас салгах арга УИХ-ын гишүүдэд байгаа. Түүнийг хийе гэсэн сэтгэл алга. Ханаж цадахаа мэдэхээ больсон юм уу даа гэх хардлага төрж байна.

Иргэн А: Иргэд нь ядуу байвал хэнд ашигтай вэ? Тэдэнд л ашигтай.

– Нийслэлчүүд утаанаасаа салж чадах болов уу?

Иргэн А: Түүхий нүүрснээсээ сална, утаа шүүгч тавина гэлээ. Харж л байя.

Иргэн Б: Туршиж үзэж байж утаа шүүгчээ тавьж байгаа байх.

Иргэн В: Та бүхнийг ингээд ярихаар “Бороо орохоор байшин барья, нар гарахаар маргааш болъё” хэмээн ажлаа хойшлуулаад байдаг сармагчин, яст мэлхий хоёрын тухай хүүхэлдэйн кино санаанд орж байна. Яг түүнтэй адилхан. Өвөл болохоор л утаагаа шийдье, салъя гэж баахан сенсацилаад зун болохоор наадам, цэнгээн гээд мартчихдаг манайхны нэг муу зан байна. Ер нь цаашид ч засрахгүй байх.

Хариулт үлдээх

Your email address will not be published.