“Хөхөөний үүр” кино энэ сарын 27-нд нээлтээ хийнэ
2018 оны 9 сарын 24

Эх үрийн ариун нандин хүйн холбоо гэж юу болох, мах цус саллаа ч далд холбоос нь хэзээ ч салдаггүй гэдгийг харуулсан “Хөхөөний үүр” уянгын драмын уран сайхны кино дэлгэцэнд гарах гэж байна. Бодит явдлаас сэдэвлэсэн тус киног “Кино Цамхаг” студийн залуус Өмнөд хөршийн уран бүтээлчидтэй хамтран бүтээжээ.

Сүүлийн жилүүдэд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон үр хөндөлт, хил давуулж хүүхдээ худалдаалах гэмт хэргийн асуудлыг “Хөхөөний үүр” хөндөнө. Киноны ерөнхий продюсерээр жүжигчин Ө.Мөнгөнтулга, ерөнхий найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор Б.Бат-эрдэнэ \Аранза\ нар ажиллажээ. Киноны зохиолыг С.Баярсайхан, Б.Цогт-Эрдэнэ нар бичсэн бол гол дүрд залуу жүжигчин Р.Нандинцэцэг, туслах дүрүүдэд Э.Пүрэвжаргал, ӨМӨЗО-ны жүжигчин С.Сайшингаа, Ж.Алтангуа, Б.Наянтай нар тоглосон байна. Киноны үйл явдлын 90 хувь нь хилийн чанадад өрнөдөг, тэр ч утгаараа ихэнх зураг авалтыг өмнөд хөршид хийжээ. “Кино Цамхаг” студийн уран бүтээлчид өмнө нь 6 аймшгийн кино хийж үзэгчдийн хүртээл болгож байсан бөгөөд энэ удаад уянгын драмаар ур чадвараа харуулах гэж байна. “Хөхөөний үүр” кино энэ сард нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэсэн уран бүтээлийн тоонд зүй ёсоор орж байгаа билээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.