”Эрдэнэс-Тавантолгой”-гоос юу хүлээх вэ?
2018 оны 9 сарын 20

“Эрдэнэс-Тавантолгой”-г олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах УИХ, Засгийн газрын тогтоол гарав. Олон улсын зах зээлд гарахтай холбогдсон тусгай ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс-Тавантолгой” компанид байгуулагдав. Аудит болон хуулийн зөвлөгөө өгөх компанийг сонгон шалгаруулах бэлтгэл ажил хангагдав. Оны сүүлээр иргэн бүрт ногдол ашиг тараахаа мэдэгдэв. Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэс-Тавантолгой”-д өрнөсөн үйл явдлуудыг товч дурдвал ийм. Хэдийгээр улс төрийн ч, өөр ашиг сонирхлын ч өнгө будаг бий. Гэхдээ урсан өнгөрөх цаг хугацаа өнгө будаг, үзэл суртал, улс төрийг хүлээхгүй урагшилсаар байна.

Дэлхийн зах зээлд гарахын тулд компанийн засаглал, дотоод аудит, ил тод нээлттэй байдал, хүний нөөцийн бодлого дэлхийн жишигт нийцэх ёстой. Ялангуяа манайх шиг нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжээд удаагүй, улс төрийн орчин тогтворгүй улсад тэр дундаа төрийн өмчийн компани дэлхийн жишигт хүрэхээс өөр сонголт байхгүй. Олон улсын зах зээлд гарах гэж байгаа бол “тоглоомын дүрэм”-г мэддэг байх шаардлагатай. Үүний нэг илрэл нь Олон нийтийн зөвлөл байгуулсан явдал. Гурван дэд хороотой нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй олон нийтийн зөвлөл ил тод нээлттэй байдал, авлига, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд хяналт, тавьж чиглүүлэх үүрэгтэй. Ирэх аравдугаар сарын дундуур олон нийтийн зөвлөл бүрэлдэж дуусна.

Төрийн өмчит компаниудаас анх удаагаа нүүрсний худалдан авалтын гэрээгээ цахим хуудаснаа байршуулаад байна. “Эрдэнэс-Тавантолгой” компани байгуулагдсан цагаасаа хойш нийт 173 ийм төрлийн гэрээ байгуулснаас Б.Ганхуяг гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш 13 гэрээг нийтэд ил болгоно. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нууцад хамааруулаагүй бол цаашлаад бүх мэдээллийг энэ мэт ил байршуулахаар болоод байна. Түүнчлэн компани хүний нөөцийн бодлогоо олон нийтэд нээлттэй байлгах үүднээс “Ажилд урьж байна” цэсийг компанийн цахим хуудаснаа нэмжээ. “Эрдэнэс-Тавантолгой” компани болон бусад туслан гүйцэтгэгч компанийн ажлын байрыг цахим орчинд нээлттэй зарлаж байгаа аж.

 

“Эрдэнэс-Тавантолгой” компани энэ оны сүүлчээр иргэн бүрт ноогдол ашиг тараахаа мэдэгдээд байна. Цаашид жил бүр ногдол ашиг тараахаар ажиллаж байгаагаа компанийн удирдлагууд мэдэгдэж байлаа.  Энэ оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус компанийн удирдлагуудтай уулзах үеэрээ ногдол ашиг тараах, ногдол ашиг тараах ажлыг тогтмолжуулахыг сануулсан юм. Компани олон улсын зах зээлд гарсан ч гэсэн ногдол ашиг тараах ажлаа зогсоохгүй гэж удирдлагууд нь баталж байгаа. Одоогоор “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшдэг 1.2 сая иргэн ногдол ашиг хүртэх юм. Анх 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг олгох шийдвэр гаргаж байлаа. Тухайн үед 2.8 сая иргэн бүртгэгдсэн ч ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутны сургалтын төлбөрт хувьцаагаа нэг сая төгрөгөөр үнэлэн Засгийн газар худалдан авсан юм. Тиймээс анх бүртгэгдсэнээс хойш хувьцаа эзэмшигч иргэдийн тоо буурсан нь энэ.  Одоогоор 900 гаруй мянган хүн дансаа нээлгээд байгаа аж.

Олон улсын зах зээлд гарах ажил өрнөхтэй зэрэгцэн компанийн борлуулалт нэмэгдсэн гэх таатай мэдээлэл байна. Одоогийн байдлаар тус компани 1.19 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Хагас жилийн гүйцэтгэлээр энэ тоо 953 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан юм. Бүтэн жилийн гүйцэтгэл 1.2 их наяд байх ёстойгоос энэ жилийн төлөвлөгөө хэдий нь биелүүлжээ.

“Компанийн цэвэр ашиг 337 тэрбум төгрөг байсан бол 483 тэрбум төгрөгийн ашиг олжээ. Энэ нь борлуулалтын орлогоо 131 хувиар давуулан биелүүлсэн гэсэн үг” гэж Б.Ганхуяг ярьсан юм.

Компанийн удирдлага шилжсэнээс хойш олон улсын зах зээлд гарах хүлээлт, компанийн засаглалын өөрчлөлтөөс шалтгаалан баруун Цанхийн коксон нүүрс 70.1 ам.доллар болжээ. Өмнө нь 68.1 ам.доллароор борлуулдаг байсныг тооцвол энэ бол том дэвшил.

Хамгийн гол нь зөвхөн урд хөрш бус хойд хөршөө ч түших бодлогыг компани баримталж байна. Цанхийн уурхайгаас олборлож буй түүхий нүүрсийг угааж, баяжуулан, нэмүү өртөг шингэсэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гарах бодлого хэрэгжүүлээд эхэлжээ. Аль хэдий нь ОХУ-д дээрх ажлыг гүйцэтгэх компанийн сонгон шалгаруулалт эхэлсэн бол дотоодын сонгон шалгаруулалт эхэлсэн байна. Өмнө нь энэ талын судалгааг хийсэн ч ОХУ-ын талын дүгнэлтээр ашиггүй болох нь тогтоогдож байсан цаг саяхан. Харин өнгөрсөн жилээс эхлэн ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гарах судалгааг эхлүүлж, эхний байдлаар ашигтай гэж гарсан байна.

Энэ мэтчилэн сайн мэдээ тасрахгүй байна. АНУ, Хятадын хооронд өрнөсөн худалдааны дайн, Туркийн эдийн засгийн хямрал, Венесуэлийн уналт зэрэг нь газрын тосны үнийг нэмэгдүүлж, эсрэгээр нүүрсний эрэлтийг нэмэгдүүлсэн нь үнэн. Яг л 2008 он шиг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хөөсрөлтөөс шалтгаалан Монгол Улсын эдийн засаг хоёр оронтой тоогоор хэмжигдэхүйц өсч байсантай адил цаг үе бидэнд тулж ирээд байна. Хамгийн гол нь яг энэ үед “Эрдэнэс-Тавантолгой” компани дэлхийн зах зээлд гарах хүлээлттэй байгаа нь гадна, дотнынхонд ч сайн мэдээ болж байгаа хэрэг. Бид эндээ популизмын өнгө будгаар эерэг хандлагыг өөрчлөн, олон улсын зах зээлд гарах оролдлогыг талаар болгох уу гэдгээ сонгох үлдлээ. Аль нь ч байсан компани, цаашлаад ард түмэн, бүр цаашлаад Монгол Улс хожих ёстой…

Хариулт үлдээх

Your email address will not be published.