Боловсрол болон Эрүүл мэндийн яам хамгийн олон хууль бус томилгоо хийжээ
2018 оны 9 сарын 28

-Яамдуудын хууль бус томилгоонуудад сонгон шалгаруулалт зарлахаар болжээ-

Төрийн албаны зөвлөлөөс зарим яам, агентлагийн хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна.Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам болон Эрүүл мэндийн яаманд хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна.

Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яаманд хийсэн шалгалтаар хууль тогтоомж зөрчин томилсон тус яамны найман газар, хэлтсийн дарга, 15 мэргэжилтний ажлын байрыг нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтаар зохион байгуулахыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгасан байна.

Мөн салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын 30 байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтгүй томилсон шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад зөвлөмж болгосон байна.

Эрүүл мэндийн яаманд таван газрын дарга, 9 хэлтсийн даргын албан тушаалд удирдах ажилтны нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаа, төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүй 14 иргэнийг, Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлээгүй 5 иргэнийг хууль тогтоомж зөрчиж төрийн захиргааны албан тушаалд томилсон зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ. Түүнчлэн тус яамны харьяа 12 байгууллагын захирал, эрхлэгчийн албан тушаалд төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилон ажиллуулж байгаа нь хууль журам зөрчсөн үйлдэл болсон гэж дүгнэсэн байна.

Энэхүү шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд дээрх зөрчлийг арилгаж, бүх томилгоог хуульд нийцүүлэх хугацаатай үүрэг чиглэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан тогтоол гаргажээ. Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудад төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд зөвлөмж болгосон байна.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Хариулт үлдээх

Your email address will not be published.