Ц.Пүрэвтүвшин: Засгийн газар бие дааж шийдвэрлэх эрхзүйн боломжгүй
2018 оны 10 сарын 12

Улсын Дээд шүүх  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийг “Монголын зэс” корпораци гэж үзэн шийдвэр гаргасан билээ. Энэ талаар “Монголын зэс” корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн маргаан Дээд шүүхийн шийдвэрээр дуусгавар болсон гэж ойлгож болох уу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улсын Дээд шүүх “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаа эзэмшигчидтэй холбоотой маргааныг  энэ сарын 19-ний өдөр бүрэн эцэслэлээ.  Энэ маргаан анх 2017 оны гуравдугаар сарын 29-нд эхэлж, Засгийн газраас 14 дүгээр тэмдэглэл гаргасан. Тус баримт бичигт “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” компанийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт (ТӨБЗГ) үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу ТӨБЗГ-ын албан тушаалтнууд “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, тус үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид мэдэгдэлгүйгээр шууд төрийн эзэмшилд авсан. Үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд амралтын өдрүүдэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн шийдвэрээр Засгийн газрын 2017, 2018 оны тогтоолууд, түүнийг дагасан ТӨБЗГ-ын дүрэм, шийдвэрийг бүхэлд нь хууль бус гэж үзсэн.

-Шийдвэр танай талд гарлаа. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн эрсдэл бий юу?

-Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүн бүр биелүүлэх үүрэгтэй. Энэ дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг манай компанийн нэр дээр бүртгэх ёстой.  Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурал зохион байгуулах нөхцөл бүрдэнэ. Хувьцаа эзэмшигчид хурлаар шийдэх шаардлагатай олон асуудал  “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” компанид бий.

-Түүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн  51 хувийн  асуудалд ямар байр суурьтай байна вэ. Арбитрын шүүхээс эцсийн шийдвэр гарсан шүү дээ? 

-Арбитрын шүүхээс эцсийн шийдвэр гарч,  “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкны өр төлбөрт унаад байна.Үүнийг  компанийн эрх бүхий этгээд болох ТУЗ, хувьцаа эзэмшигчид шийдэх хуулийн заалттай. Түүнээс  УИХ, Засгийн газрын төвшинд ийм асуудал шийддэг жишиг хаана ч байхгүй. Засгийн газар бие дааж эсвэл хөндлөнгийн этгээд дур мэдэн шийдвэрлэх эрхзүйн боломж байхгүй гэж ойлгож болно. Ийм байдлаар асуудлыг шийдвэл урт хугацаанд үргэлжлэх олон улсын маргаан руу хөтөлж, ноцтой үр дагавар авчрах эрсдэлтэй шүү дээ.

-“Стандарт” банкинд төлөх өр төлбөрийг хэрхэх вэ?

-2016 оны зургадугаар сард “Монголын зэс” корпораци “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа эзэмшигч болсон.  Гэтэл 2016 оны тавдугаар сард Арбитрын шүүхэд  “Стандарт” банкинд 50 гаруй сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Мэдээж “Жаст” компани  төлбөрийг төлбөл,  хоёрдогч этгээд болох “Эрдэнэт” үүнийг барагдуулахгүй.
Одоо “Стандарт” банкинд төлөх ёстой төлбөрийн хэмжээ бараг 300-гаад тэрбум төгрөг буюу 112 сая ам.долларт хүрээд байна. Энэ төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэр  төлбөл ажилчид, 51 хувийг эзэмшигч төр, иргэд, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалж буй хэрэг.  Олон улсын Арбитрын шүүхээс  тодорхой хувь хүн, албан тушаалтны буруутай үйл  ажиллагаанаас үүдэлтэй хэрэг болохыг  тогтоосон. Үүнийг Монголын шүүхийн байгууллагаас эцэслэн баталгаажуулж, гэм буруутай этгээдүүдээс  нь хохирлыг нөхөн төлүүлбэл “Эрдэнэт” үйлдвэр төлөхгүй байх бүрэн боломжтой. Харамсалтай нь 2016 оны тавдугаар  сард Арбитрын анхны шийдвэр гарахтай зэрэгцэн “Стандарт” банкны өр төлбөр анхаарал татаж эхлэх үед 2016 оны сүүлээр 49 хувийн эзэмшилтэй холбоотой маргаан дэгдсэн. Энэ маргаан үүсч, манай компанийн төлөөллийг ТУЗ-өөс гаргасан. Улмаар хууль бусаар ТУЗ байгуулж, “Стандарт” банкны өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс  төлүүлэхээр хэлэлцсэн байдаг. Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, уг өр төлбөрийг төлөхөөр оролдож буй нь энэ асуудал анхнаасаа зохион байгуулалттай, хариуцлагагүй  зүйлийг  дарах зорилгоор эхэлсэн байх магадлалтай гэж бид үзэж байгаа.

-Та нарын зүгээс ямар алхам хийх вэ?

-“Монголын зэс” корпораци хуулийн дагуу ТУЗ байгуулж, “Эрдэнэт”  үйлдвэр,  51 хувийг эзэмшиж буй иргэд, татвар төлөгчдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавихаар ажиллана.  “Эрдэнэт”  үйлдвэр,  “Монголын зэс” аль,  аль нь үндэсний компани. Бид цөөн албан тушаалтан, хэн нэг этгээдийг хаацайлахаас илүү үндэснийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллана. Үүний төлөө хууль зүйн бүх боломж бололцоог ашиглан ажиллах болно.

-Төрөөс 100 хувь томилогдсон ТУЗ хэд,  хэдэн удаа хуралдаж шийдвэр гаргасан шүү дээ. ТУЗ-өөс гаргасан  шийдвэрүүдийг яах вэ?

-ТУЗ-өөс гаргасан шийдвэрүүдийг  шүүхэд өгөөд хүчингүй болгохоор ажиллаж байгаа. Шинэ ТУЗ байгуулагдсанаар эхний хурлаар эдгээр шийдвэрийг хүчингүй болгох талаар хэлэлцэх юм. Мөн эрхзүйн чадамжгүй ТУЗ шийдвэр гаргаж, түүнийг нь биелүүлэхээр оролдсон тохиолдол байна. Цаашилбал,  компанид ямар нэг хохирол учруулбал холбогдох хүнд  хариуцлага тооцохыг үгүйсгэхгүй.

Хариулт үлдээх

Your email address will not be published.