Уул уурхайгаас овоолсон шороо, ухсан нүх үлддэг гэсэн нийтлэг ойлголтыг халж чадсан танилцах аялал
2018 оны 9 сарын 22

“МОНДУЛААН ТРЕЙД” ХХК-ийн Төв аймгийн Заамар суман дахь “Баянгол” төслийн уурхайн нөхөн сэргээлтийн талаар туршлага хуваалцах, хэлэлцүүлэг хийх танилцах аялалыг Канад улсын “Мерит” төсөл, УУҮО ХХК-тай хамтран 2018 оны есдүгээр сарын 18, 19-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Жишиг уурхайн нөхөн сэргээлттэй танилцах аялалд Дорнод,  Дундговь, Сүхбаатар, Төв аймгуудын уул уурхайтай холбоотой шийдвэр гаргагч нар, Байгаль орчин хяналтын улсын байцаагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, Заамар сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл зэрэг 50 гаруй төлөөлөгч оролцож, Ийгл телевиз газар дээрээс нь сурвалжиллаа.

Хариуцлагатай уул уурхайг үлгэр жишээ хэрэгжүүлж байгаа “Мондулаан Трейд” ХХК, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ниуд хэрхэн байгаль орчинд ээлтэй нөхөн сэргээлт хийсэн талаар газар дээр нь танилцсан нь энэ.

Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллага болох “Мерит” төсөл нь 2016-2023 онуудын хооронд Монголд хэрэгжих төсөл юм. “Мерит” төслийн зорилго нь Төрийн байгууллагуудын менежмэнтийг сайжруулах замаар Уул уурхайн олборлох салбарын нийгэм эдийн засгийн хариуцлага, хувь нэмрийг өндөржүүлэх зорилготой төсөл юм.

“Мондулаан Трейд” ХХК-ийн захиалгаар туслан гүйцэтгэгч  “УУҮО” ХХК-ийн хамт 2012 оноос хойш Заамар суманд олборлолт явуулж байгаа бөгөөд 370 га газарт техникийн нөхөн сэргээлийг, 373 га газарт биологийн нөхөн сэргээлтийг хийсэн байна.

“Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг маш олон алтны уурхай байдаг. Тэр дотроос сайн нөхөн сэргээлт хийдэг хэд хэдэн компани байдаг. Үүний тод жишээ бол “МонДулаан трейд” ХХК болон “УУҮО” ХХК-ийг нэрлэж болно” гэж Заамар сумын ИТХ-ын дарга Ш.Галтбадрах танилцах аялалын үеэр онцлон хэлсэн.

Олборлолтын явцад маш том карьер үүсдэгч дараа нь овоолго хийж, хөрс дэвсэн тариалалт явуулан байгалийн унаган төрхөнд нь оруулж чаддаг гэдгийг эдгээр 2 компани харуулж чадлаа.

Уул уурхай бол манай улсын төсвийн 70 хувийг бүрдүүлдэг салбар. Уул уурхайгаас овоолсон шороо, ухсан нүх үлддэг гэсэн нийтлэг ойлголтыг халж чадсан “Мондулаан трейд” ХХК-ийн болон “УУҮО” ХХК дээр болсон танилцах аялал 2 өдрийн турш болж өндөрлөсөн юм.

 

Эх сурвалж: Ийгл телевиз, АТГ.МН сайт

Хариулт үлдээх

Your email address will not be published.