ТЕГ: Тагнуул хийх шинжтэй, гэмт хэргийн шинж агуулсан гадаадын иргэнийг саатууллаа
2018 оны 10 сарын 2

ТЕГ-аас өнөөдөр “Голомт” хотхонд гүйцэтгэх ажиллагаа явуулж, дөрвөн хайрцаг хураан авч явсан. Чухам ямар учиртай нэгжлэг хийж, юун бичиг баримт хураан авч явсан нь тодорхойгүй. Гүйцэтгэх ажиллагаа явуулсныхаа дараа ТЕГ, Олон Улсын тагнуулын байгууллагатай хамтран ажиллагаа явуулсан. Бичиг баримт хураан авсан гэдгээс өөр тайлбар өгөөгүй юм.

Харин дөнгөж сая ТЕГ-аас албан ёсоор мэдээлэл өглөө. ТЕГ-аас “ТЕГ нь тагнуулын байгууллагын хуульд заасан 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлд заасан тагнуул хийх шинжтэй, гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйл ажиллагааг Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн прокуророос албан зөвшөөрөл өгөөгүй учир хэргийн талаар илүү мэдээлж болохгүй” гэлээ.

Эх сурвалжийн мэдээлсэнээр уг иргэн нь БНХАУ-ын иргэн байжээ.

2018.10.02 14.05 цаг 

Шуурхай: ТЕГ-ынхан дөрвөн хайрцаг хураан авч явлаа

“Голомт” хотхонд ТЕГ-аас ажиллагаа явуулж дууслаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 1.3 сая ам.долларыг хуулийнханд хахуулаар өгөх гэж байсан хятадуудыг баривчлахаар ирсэн гэж байсан ч тагнуулаас өөр мэдээлэл өглөө. Тодруулбал, ямар нэг баривчлагаа хийгээгүй. Олон улсын тагнуулын байгууллагатай хамтран ажиллагаа явуулж, бичиг баримтууд хураан авсан гэв.

Ажиллагаа явуулахдаа Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд Голомт хотхоны С блокийг хамгаалалтад аван ажиллагаа явуулсан. Тус барилгад хүмүүсийг нэвтрүүлэхгүй, харин дотроос гаргаж байсан юм.

Ажиллагаа цаг гаруйн хугацаанд үргэлжилсэний эцэст Тагнуулын ерөнхий газрын хоёр ажилтан битүүмжилсэн хайрцагийг машинд ачсан юм.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.