Нэгдүгээр сургуулийн захирлыг 30 хоног цагдан хорихоор боллоо
2018 оны 10 сарын 6

Пүрэв гарагийн орой Авлигатай тэмцэх газраас Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг бусдаас авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилсан тухай манай сайт мэдээлсэн. Түүнийг баривчилж саатуулаад байсан ч цаашид хорих эсэх нь тодорхойгүй байсан билээ. Нийслэлийн прокурорын газраас Г.Бум-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд хүргүүлээд байсан юм.

Тэгвэл Сүхбаатар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  өчигдөр Г.Бум-Эрдэнийг  30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.

Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокурорын саналыг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг заасан үндэслэлээр  30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Түүнд авлига өгч байсан хүнийг хамтад нь баривчилсан гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байгаа.  Нийслэлийн Нэгдүгээр сургуульд хүүхдээ оруулах хүсэлтэй эцэг эх олон байдаг нь тодорхой. Тус сургуулийн харъяа бус тойргийн хүүхдийг элсүүлж авах, мөн өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг гэсэн мэдээлэл байгаа юм.

Саяхан хийсэн шалгалтаар БСШУС-ын яамны эрх бүхий албан тушаалтны цохолт хүсэлтээр 40 гаруй хүүхэд тус сургуульд хууль бусаар элссэн тухай мэдээлэл хэдхэн хоногийн өмнө дуулдаж байсан  билээ.

One thought on “Нэгдүгээр сургуулийн захирлыг 30 хоног цагдан хорихоор боллоо

  1. Багш

    Буруу зүйл хийсэн бол шийтгэл хүртэх нь ойлгомжтой Харин гүтгэлэг бол хүн хохироож болохгүйг анхаарах нь чухөл байх Холбогдох газар нь шүүн тунгааж буй биз дээ

Хариулт үлдээх

Your email address will not be published.