Б.Батзориг сайдын шийдвэр иргэдийн халаасыг тэмтрэх нь
2018 оны 10 сарын 8

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг 2018 оны эцэст 5.9 хувьтай гарч, ирэх онд 6.6 хувиар өсөх таамаглал дэвшүүлээд байна. Харин дотоодын шинжээчдийн дүгнэлтээр,  эдийн засагт хэдийгээр өсөлт ирэх ч иргэдийн нуруунд ачаа ирэх вий гэсэн болгоомжлолууд хөвөрч байгаа юм.

Нийт эдийн засагт үлэмж нөлөөтэй уул уурхайн түүхий эд болох зэс, алт, нүүрсний үнэ харьцангуй өсөлттэй байгаа ч шатахуун, ам.доллар, валютын ханшийн өсөлт жирийн иргэнд ачаа нэмсээр ирсэн. Энэ утгаараа Дэлхийн банк  Монгол Улс богино хугацаанд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлэх бодлогын арга хэмжээ авах, ханшийн хөдөлгөөнд мэдрэг байж мөнгөний бодлогыг зөв удирдах, зорилтот бүлэгт нийгмийн хангамжийг жигд сайжруулах хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлэхийг сануулсан. Эдийн засаг хэврэг байгаа Монгол Улсын хувьд авч буй бодлогын  арга хэмжээндээ анхаарахыг тэд сануулсан ч иргэддээ ээлгүй “үнэ нэмэх” шийдвэрүүдийг  гаргаж эхэллээ. Үнэ нэмэх асуудлыг зөвхөн нэг талыг барьж шийдэх бус олон талаас нь судалж эцсийн шийдвэр гаргах жишиг манайд байхгүйгээс болж иргэд хохирсоор ирсэн нь нууц биш. Үүний нэг тод жишээ нь иргэнд очих дарамтыг үл тооцон нэг тонн улаан буудайны үнийг 40,000 төгрөгөөр нэмсэн явдал юм.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор нэг тонн улаанбуудайг 560 мянган төгрөгөөс 600 мянган төгрөг болгон нэмэгдүүллээ хэмээн жишимгүй зарлаж суусныг ойлгосонгүй. Тэрээр, Байгаль цаг уурын нөхцөл байдлаас гадна санхүүгийн дутагдал тариалан эрхлэгчдэд багагүй дарамт болж байна. Шатахууны үнийн өсөлт тариаланчдад хүнд тусч байгаа.

Тиймээс  50 хувийн  урьдчилгааг тэдэнд өгч шатахуун олгосон. Буцаан авах төлбөрийг үр тариагаар хийнэ” хэмээн мэдэгдсэн. Төр засгийн аливаа шийдвэр нь иргэндээ ээлтэй байх ёстой атал цөөнх буюу ашигтай ажилладаг бүлэг хүмүүсийг дэмжиж, иргэдээ дэмжлэгийнхээ гадна орхидог жишиг Монголоос өөр хаана ч байхгүй биз ээ. Үнэндээ тариалан эрхлэгчдийг дэмжсэн энэхүү шийдвэр 3.2 сая иргэний халаасыг тэмтэрхэд хүрээд байна. Учир нь хүнсний салбарын гол түүхий эд болох үр тарианы үнийн өсөлтийг дагаад гурил, гурилан бүтээгдэхүүн, талх тарианы үнэ өсч жирийн иргэдийн идэх хүнс үнэд орно гэдгийг  салбарын сайд яагаад тооцоолсонгүй вэ. Гадныхан аливаа бүтээгдэхүүн нэмэхдээ маш болгоомжтой хандаж эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө, иргэнд очих үр дагаварыг тооцож байж шийддэг. Гэтэл нэг л өглөө сэрэхэд үнээ өсгөдөг монгол жишиг эдийн засгийг хүчгүйдүүлж, иргэдийг туйлдуулсаар удлаа.

            Үнэндээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг үнэ өсгөсөн энэхүү шийдвэр зөвхөн тариалан эрхэлдэг 36 мянган хүнд л өгөөжтэй, харин цаана нь үлдсэн гурван сая гаруй иргэнд хүрэх үр дүн нь “ҮНИЙН ӨСӨЛТ”-өөр илрэхээр болж байна. Ард түмнийхээ идэх талхны үнэтэй ярих эрхэм удирдлагууд цаашдаа эдийн засгийн тооцоолол хийж үнэ нэмэх асуудалд болгоомжтой хандахгүй бол тэдний   гаргасан   шийдвэрт жирийн иргэд ширвэгдсээр байх нь.

Угтаа өнөөдөр эцсийн бүтээгдэхүүн гаргадаг хүнсний үйлдвэрүүд төр засгийн удирдлагуудаас илүүтэй үнэ нэмэх асуудалд болгоомжтой ханддаг болсон. Тэд давын өмнө үнээ нэмэхээс илүүтэй хэрэглэгчээ боддог соёл руу  дөтөлж буйг нь сайшаамаар. Тухайлбал статистик үзүүлэлтээс харвал сүүлийн хоёр жилд бидний өдөр тутмын хэрэглээ болох  талх, гурилын  үнэ өөрчлөлтгүй явж иржээ. Харин нэг тонн улаан буудайг 600 мянган төгрөгөөр борлуулж эхэлснээр нэг кг гурил 1000 төгрөг болж өдөр тутмын хэрэглээ болох талхны үнэ даруй 1500 төгрөгт хүрэх нөхцөл үүсээд байна. Ийнхүү улаанбуудайны үнийг өсгөсөн салбарын сайд Б.Батзориг эцсийн хэрэглэгчдэд очих энэ ачааг  үүрэлцэж чадах уу?

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.